Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт энэ сарын 09-11-нд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён-ийн хамтаар “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт”-т гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт нэг жил хүртэлх хугацаанд өөрийн улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх юм.
Мөн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна.
Жолоодох эрхийг хүлээн зөвшөөрснөөр хоёр улсын иргэдийн тээврийн хэрэгсэл ашиглах боломж нэмэгдэнэ. Энэ нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.
Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлагдах бөгөөд үүний дараа Талууд дотоодын хуулийн шаардлага хангагдсан тухай батламж жуух бичгээ солилцсоноос хойш 6 сарын дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!