Өмнөд Солонгосын Чэжү аралд үйл ажиллагаа явуулдаг казиногоос 14.5 тэрбум вон /$13.4 сая/ бэлнээр алдагдсан хэргийг шалгаж эхэлснээ тус арлын Сёгвипо хотын цагдаагийн газар мэдээлэв.
Чэжү арлын “Jeju Shinhwa World” амралт, аялал жуулчлалын төвд оршдог “Landing Casino” нь 2018 оны гуравдугаар сард нээгдсэн, зөвхөн гадаадын иргэдэд нээлттэй казино юм. Казиногийн бэлэн мөнгөний хадгалалт, хамгаалалтыг хариуцдаг малайз ажилчин мөнгө алдагдсан цаг үетэй зэрэг сураггүй болсон тул түүнийг сэжигтнээр татсан байна. Мөнгө алдагдсан тухай шинэ жилийн амралтын дараа мэджээ.
Нийтдээ 290 кг жин татах бэлэн мөнгийг нэг дор авч явах боломжгүй тул 7-8 сарын хугацаанд цувуулж зөөсөн байж болзошгүй хэмээн мөрдөн байцаагчид нь мэдэгдсэн байна. Алга болсон мөнгө нь казиног эзэмшигч Landing International Development компанийн мөнгө биш тул үйл ажиллагаанд нь нөлөөлөхгүй тухай өчигдөр тус компани өөрийн бүртгүүлсэн Хонг Конгийн хөрөнгийн биржэд мэдэгджээ.