Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гишүүдийн 54.8 хувь нь дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон бусад байнгын хороонд шилжүүлсэн байдаг.
Энэ үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хөгжлийн төлөвлөгөөнд нэгэнт эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэх замаар үргэлжлүүлэхээр тусгасан, харин улсын төсвөөр бүтээн байгуулалт шинээр нэмж хийх боломжгүй, санхүү, төсвийн сахилга батыг сахих зарчмаа баримтална гэсэн юм. Тэрбээр, хуулиар тогтоосон дүрэм, журам зөрчин байж санал гаргадаг явдлыг таслан зогсоохгүй бол асуудал үүснэ. Ирэх онд төсвийн урсгал зардалтай холбоотойгоор шинэ хөрөнгө оруулалт, 200 гаруй саналыг төсөвт тусгах боломжгүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!