Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг гаргасан. Гэвч тус төслийн урьдчилгаа болгож гүйцэтгэгч компанид даатгалын бичгээр 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх мэдээлэл гарсныг Хотын дарга ч үгүйсгээгүй юм. Харин зарим УИХ-ын гишүүдийн зүгээс манай улсын ямар ч даатгалын компани энэ хэмжээний мөнгөн дүн бүхий төсөл дээр баталгаа гаргах боломжгүй гэх агуулгыг хөндөж буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд “Туулын хурдны зам” төслийн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь эрхзүйн чадамжтай эсэх талаар асуулга явуулжээ. Ингэхдээ тус асуулгын хариу дараах байдлаар иржээ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны хариу бичигт “Уг худалдан авах ажиллагаатай холбоотой захиалагч талаас "Мөнх даатгал" ХХК-ийг тендерийн аливаа баталгаа гаргах санхүү, төлбөрийн чадамжтай эсэх талаар лавлагааг СЗХ-ноос авч байгаагүй. Хороонд ирүүлсэн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар нийт 589.7 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг нэр бүхий 11 даатгалын компани гаргасан бөгөөд үүний 91 хувь буюу 538.5 төгрөгийн хариуцлагыг давхар даатгалд шилжүүлсэн байна. 500 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг нэг даатгалын компани дангаараа гаргах санхүүгийн болон төлбөрийн чадамжгүй болно" гэж дурджээ.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!