
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны Ашиглалтын шаардлага хангахгүй 1-22 дугаар орон сууцны барилгыг дахин төлөвлөх барилгажилтын төсөл боловсруулах тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж “Монгол-Архитектур” ХХК шалгарсан. Тус 22 барилгыг хотхоны хэв маягаар цогцоор нь дахин төлөвлөх асуудлаар холбогдох байгууллагуудын хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Ерөнхий архитекторын Ажлын албаны дарга Г.Хосбаяр, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга М.Мэндсайхан, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, бодлогын газрын дарга М.Шижирбаяр, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Отгонсүрэн, “Монгол архитектур” ХХК-ийн Захирал н.Очир-Эрдэнэ нар оролцлоо.
Уулзалтаар тухайн байршлыг хотхон, хорооллын зохион байгуулалтаар хэрхэн дахин төлөвлөх талаар мөн төвийн бүсийн архитектурын шийдэл, хотын өнгө төрхтэй нийцсэн орчин үеийн хөгжлийн концепцийн талаар санал солилцлоо. Тухайлбал, уг байршлыг хотын төвийн шинэ хөгжлийн зангилаа болгон, орчин үеийн “даунтаун” хэв маягийн орон зайн шийдэлтэй төлөвлөх боломжийг судалж байна.
Мөн иргэдийн саналд үндэслэн тухайн 15 га газарт бүтээн байгуулах шинэ хотхоныг ногоон байгууламж, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбай бүхий, хүртээмжтэй, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлд төлөвлөж нэгдсэн төсөөлөл боловсруулахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!