Л.Гантөмөр: АН-ын дарга Ерөнхий сайд болохын тулд МАН-ыг 100 хувь шүүмжилж булхай, луйврыг нь илрүүлдэг байх ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
8 минут 47 секунд

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ч олонхын саналаар дэмжигдээгүй. Та энэ гэрээг байгуулах үед хамтарсан ЗГ-т Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Ер нь Засгийн газар БНХАУ-тай хийсэн гэрээ, хэлэлцээрийн талаар УИХ-д мэдээлэл өгөх нь зөв. Нуух зүйл огт байхгүй. Мэдээлэл өгөхийг АН-ын бүлэг ч гэсэн шаардах хэрэгтэй. Жишээлбэл, Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хооронд хийсэн гэрээг булхай, будилаантай байна гэж харж байгаа хүмүүст тэр гэрээг нь бодитоор харуулах хэрэгтэй. Хэрвээ буруу зүйл байвал засах чиглэлийг УИХ өгөх ёстой. Нээлттэй ажиллахад гэмгүй.

УИХ-ын гишүүдийг нэг, нэгээрээ очиж танилц гэж урьж эсвэл “Бид тэрийг хараагүй” гэж улс төр хийж явахаас илүү УИХ дээр хаалттайгаар танилцуулах хэрэгтэй. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй үг, үсэггүй танилцсаны дараа тэр гэрээг ярих ёстой юу, үгүй юу гэдгээ УИХ-ын гишүүд өөрсдөө шийдэх хэрэгтэй.

-Энэ гэрээг шалгавал нүүрс авахаа болино гэсэн яриа хаана ч байхгүй-

-Энэ гэрээ анх байгуулагдахдаа ямар нөхцөлтэй байсан юм бэ. Хэрвээ Монголын тал УИХ-аас түр хороо байгуулаад сонсгол хийвэл Хятадын тал хилээ хааж, нүүрс авахаа болино гэж байсан юм уу.

-Та нар энэ гэрээг шалгавал нүүрс авахаа болино гэсэн яриа хаана ч байхгүй шүү дээ. Энэ чинь зүгээр л Засгийн газар хооронд хийдэг хэлэлцээр байхгүй юу. Манайх дэлхийн бүх л Засгийн газартай худалдааны, улс төрийн гэх мэт зөндөө л хэлэлцээр хийж байгаа. Тэдгээрийн л нэг нь гэсэн үг. Тийм учраас энэ гэрээний талаар УИХ дээр заавал сонсох хэрэгтэй. Би ийм л байр суурьтай байгаа.

-Хэрвээ асуудал үүсээд энэ гэрээг дуусгавар болчихвол гарах үр нөлөө нь юу байх юм бэ?

-Үр нөлөөнөөс үл хамаараад гэрээг заавал сонсох хэрэгтэй. Заавал уншиж харах хэрэгтэй. Үүний дараа яаж ч улстөржиж болно. Жишээлбэл, би энэ гэрээг уншаад, ямар нэг байдлаар мөнгө төгрөг, үнэ хөлсний асуудал байна уу гэдгийг нягталсны дараа УИХ-ын гишүүд арай өөр зүйл ярих байх гэж бодож байна.

-Танай бүлгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг бүрэн мөсөн зогсоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан. Энэ төсөл дээр таны хувийн байр суурь ямар байгаа вэ?

-Туулын хурдны зам дээр хоёр асуудал байгаа. Нэг нь байгаль хамгааллын төлөвлөгөө хариуцсан эзэнтэй, тодорхой байх ёстой. Мэргэжлийн байгууллагын тодорхой дүгнэлт хэрэгтэй. Байгаль орчны шинэ сайд нэгдсэн үнэлгээ, дүгнэлт гарахаас нааш ажил явуулахын эсрэг байна гэсэн Ц.Сандаг-Очир сайдын шийдвэрийг дэмжиж байна. Хоёрдугаарт, яагаад ийм өндөр өртөгтэй болсон гэдэг асуудал байна. Үүн дээр аудит хийх хэрэгтэй. Үндэсний аудитын газрын шалгалт хараат бус болоосой гэж хүсэж байна. Бүр эргэлзэж байгаа бол Олон Улсын аудит оруулах хэрэгтэй. Аудит ороод үнэлгээ нь зах зээлийн зарчмаар байна, байгаль орчинд хор нөлөөгүй байна гэдэг итгэлийг Улаанбаатарчуудад өгөх нь маш чухал байна.

Бидэнд өнөөдрийг хүртэл нэг буруу зүйл оршоод байгаа нь нэг бол болно гэж дайрдаг эсвэл болохгүй гэж гүрийдэг байдал. Нэг нь харанхуй жагсаал хийж болно гэж дайраад байдаг. Нөгөө хэсэг нь харанхуй жагсаал хйиж болохгүй гэж дайраад байдаг нь буруу.

-Дараагийн асуудал бол танай намын удирдах түвшний томилгоонууд. ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг сонгосон нь зөв алхам болж чадсан уу. Ер нь “ГЕНСЕК”-ээр ямар хүн ажиллах нь зүйтэй вэ?

-Эв нэгдлийн илэрхийлэгч, бүх хүнд хүрч ажиллаж чадах нээлттэй хүн байх нь хамгийн зөв. Ардчилсан нам дотроо тодорхой фракцуудтай. Эдгээрийн аль нэгнийх нь талд үйлчилдэг хүн гарч ирэх юм бол нөгөөдүүл нь унагачихна. Тийм учраас төвийг сахисан, эв нэгдлийг хангаж чадах сэтгэл зүрхтэй хүн байх ёстой гэж бодож байна.

-С.Баярцогт тийм байж чадах уу. Ер нь нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн лидер хүн байх ёстой юу эсвэл шинэ боловсон хүчин байх ёстой юу?

-С.Баярцогт бол шинэ хүн биш, энэ намын удирдах түвшинд олон жил ажилласан хүн шүү дээ. Тийм учраас эв нэгдлийг яаж хангах вэ гэдгээ үйлдлээрээ харуулаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, Оюу толгойн асуудалтай холбоотой маш их шүүмжлэл гардаг. Энд эцсийн хариуг өгөх ёстой. Ингэхгүй явсаар байгаад өнгөрсөн хугацаанд намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр оочиж байсан. Тийм учраас асуудлуудад нээлттэй хариулаад явах нь зөв.

-Нам дотор ямар нэг албан тушаал хаших ямар ч сонирхол алга-

-О.Цогтгэрэл бүлгийн даргын ажлаа өгөхөөр болсонтой холбоотойгоор дараагийн бүлгийн даргын асуудал яригдаж байна. Таны хувьд бүлгийн даргаа авах амбиц, сонирхол байна уу?

-Өнөөдөр надад нам дотор ямар нэг албан тушаал хаших ямар ч сонирхол алга. Би энэ намын тамгыг хадган дээр тавиад өгсөн. Тийм учраас намын шинэ удирдлага маань намаа удирдаж явахгүй бол хуучин удирдлага оролцоод байх нь буруу. Өгвөл өгсөн шиг өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм учраас АН-ын Улс төрийн зөвлөлд ч гэсэн би ороогүй. Ер нь АН-ын дарга байсан хүмүүс намын дотоод амьдрал руу дахин дахин давхиж орох нь буруу.

-Бүлгийн дарга ямархуу ажлын арга барилтай хүн байх ёстой юм бэ?

-Бүлгийн дарга бол МАН-тай тулж чаддаг хүн байх хэрэгтэй. МАН-ын цаад удирдлагаар Ерөнхийлөгч байгаад байна. Ерөнхийлөгчөөс айж, ичихгүйгээр тулж чаддаг хүн АН-ын бүлгийн дарга болох ёстой. Хууль хяналтын байгууллага дээр ямар нэг гэмт хэргийн түүхгүй хүн байх хэрэгтэй.

Гэмт хэргийн түүхтэй хүмүүсийг сая З.Энхболдыг хэлмэгдүүлдэг шиг айлгаж байгаад улс төрийнх нь үйл хэргийг хийлгэхгүй. Тийм учраас УИХ дахь бүлгийн даргаар намын дарга ажиллах нь зөв гэж хэлсэн. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхий сайд болохыг хүсэж байгаа ганц хүн бол Ардчилсан намын дарга гэдэг албан тушаалтан. Яаж Ерөнхий сайд болох вэ гэвэл МАН-ыг 100 хувь шүүмжилдэг, булхай луйврыг нь илрүүлдэг хүн болно. Эрх баригчидтай тэмцэж чаддаг хүн Ерөнхий сайд болно.

Гэтэл бүлгийн даргаар ямар нэг байдлаар МАН-тай хөшигний ард тохироо хийдэг эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчид бууж өгдөг хүнийг болгомоор байна. Энийг манай бүлгийн гишүүд сайн мэдэж байгаа байлгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
 
Шадар сайд Т.Доржханд НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ
Шадар сайд Т.Доржханд НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!