Л.Бат-Очир: “Цагдаа судлал“ хөтөлбөрт суралцсанаар БНСУ-ын Вүүсок их сургуультай хамтарсан “Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын хөтөлбөрт шилжин суралцаж хос дипломтой төгсөх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 1 секунд

Цагдаагийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар тус сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Очиртой ярилцлаа.

-Цагдаагийн сургууль нь ямар хөтөлбөрүүдээр элсэлт авч байгаа вэ?

-Цагдаагийн сургууль нь бакалаврын 4, мэргэшүүлэх 2, магистрын 2, докторын 1 хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Бакалаврын “Цагдаа судлал”, “Мөрдөх алба”, “Дотоодын цэрэг судлал”, “Кибер гэмт хэрэг судлал”, мэргэшүүлэх “Цагдаа судлал”,” Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлал”, магистрын “Цагдаа судлал”, “Гэмт явдал судлал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Кибер гэмт хэрэг судлал”, докторын “Гэмт явдал судлал” гэсэн хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.

“Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөр нь хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах мэргэшсэн цагдаагийн алба хаагч бэлтгэдэг. Суралцагчид эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалдаг, хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэсэн, эх оронч үзэлтэй, бие бялдар, сэтгэл зүй, харилцаа, ёс зүйн хувьд төлөвшсөн мэргэжилтэн болон бэлтгэгддэг.

“Мөрдөх алба” бакалаврын хөтөлбөр нь үндэсний болон иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэнэ. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мөрдөгч бэлтгэдэг. Төгсөгчид цагдаагийн байгууллагаас гадна Авлигатай тэмцэх байгууллага, Тагнуулын байгууллага зэрэг хууль сахиулах болон аюулгүй байдлын байгууллагад ажиллах боломжтой.

“Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын хөтөлбөр нь кибер аюулгүй байдлыг хангах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн цагдаагийн алба хаагч бэлтгэх зорилготой. Суралцагчид нийгэм, хүмүүнлэгийн ухааны онолын суурь мэдлэгт тулгуурлан кибер орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж, мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлэх, өөрчлөлтөд зохицох чадвартай мэргэжилтэн болон төлөвшинө.

“Дотоодын цэрэг судлал” бакалаврын хөтөлбөр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, ур чадвартай, ёс зүй, сэтгэл зүй, бие бялдарын өндөр бэлтгэлтэй, хүний эрхийг дээдэлдэг дотоодын цэргийн байгууллагын хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн алба хаагч бэлтгэдэг.

Мөн “Цагдаа судлал” хөтөлбөрийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” мэргэшүүлэх чиглэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой. Энэ чиглэлээр суралцагчид замын хөдөлгөөний зохицуулалт, осол зөрчлийг шалгах, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оролцох чадвартай, эрх зүйн мэдлэгт тулгуурлан нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ур чадвартай, хүний эрх болон нийгмийн хэрэгцээг хүндэтгэн ажиллах мэргэжилтэн болон бэлтгэгддэг.

-Танай сургуульд элсэхийн тулд ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ёстой вэ. Мөн босго онооны талаар мэдээлэл өгнө үү?

-“Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөр нь нийгэм судлал, англи хэл 480, “Мөрдөх алба” бакалаврын хөтөлбөр нь нийгэм судлал, англи хэл-500, “Дотоодын цэрэг судлал” бакалаврын хөтөлбөр нь нийгэм судлал, англи хэл-450, “Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын хөтөлбөр нь нийгэм судлал, англи хэл-500 байхаар босго оноогоо тогтоосон. Элсэгчид тухайн хөтөлбөрт заасан 2 хичээлийн аль өндөр оноо авснаараа бүртгүүлэх боломжтой.

-Энэ жил эмэгтэй элсэгч авах уу?

-Энэ жил бакалаврын 4 хөтөлбөрт нийт 62 эмэгтэй сонсогч элсүүлнэ.

-Оюутан солилцооны хөтөлбөр байдаг уу?

-Цагдаагийн сургуулийн “Цагдаа судлал” хөтөлбөр нь БНСУ-ын ВҮҮСОК их сургуультай хамтран хэрэгжүүлж буй 2+2+1 “Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын хөтөлбөрт шилжин суралцаж хос дипломтой төгсөх боломжтой. Мөн БНСВУ-ын Ардын Цагдаагийн Академийн их сургууль, БНХАУ-ын нийгмийг аюулаас хамгаалах их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны 3 сарын хугацаатай хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Уран барилдаант аймгийн цолтон болон сумын заануудын багийн халз барилдаан болно
Уран барилдаант аймгийн цолтон болон сумын заануудын багийн халз барилдаан болно
 
Стефен Карри 35 оноо авч Клипперс багийг мулталлаа
Стефен Карри 35 оноо авч Клипперс багийг мулталлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!