
Удам дамжсан урлагийн гэр бүл Найруулагч Ц.Хүсэлбаатарын гэр бүлийг UBN сайт онцолж ярилцлаа. Ц.Хүсэлбаатар найруулагчийг МУГЖ Ё.Цогийн хүү гэдгээр нь үзэгчид андахгүй. Түүний хань МУГЖ С.Өлзийхүү. Охин нь жүжигчин Х.Баярмаа, хүү нь жүжигчин Х.Сумъяадорж.
Гэр бүлээрээ урлагаар амьсгалж, өөр өөрийн өнгөөр тодоос тод гэрэлтдэг Ц.Хүсэлбаатарын гэр бүл ACT ONE Theater & Film Academy-ийг үүсгэн байгуулж, “Act One” жүжигчний сургалтаа эхлүүлэхээр зэхэж буйгаа зарласан юм.
Бид Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Х.Баярмаа, жүжигчин Х.Сумъяадорж нартай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байгаа ACT ONE Theater & Film Academy-ийн талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Гэр бүлээрээ хамтарч жүжигчний сургалт явуулах саналыг хэн анх гаргаж, хэр удаан ярилцаж, шийдсэн байдаг юм бэ?
Ц.ХҮСЭЛБААТАР: Гэргий маань энэ санааг анх гаргасан. "Аав бид 3 урлагт маш олон жил зүтгэсэн. Хүүхдүүд маань хүртэл урлагийн салбарт чамгүй амжилттай ажиллаж, тодорхой хэмжээний туршлага хуримтлууллаа. Тиймээс гэр бүлээрээ хамтраад ажиллаад үзвэл яасан юм" гэж хэлсэн. Яг үнэнийг хэлэхэд би дэмжээгүй. Харин хүүхдүүд маань дэмжсэн. Маш удаан ярьж төлөвлөсөн учраас миний санаанд ч багтаж эхэлсэн учраас шийдвэр гаргаад маргааш /өнөөдөр/ нээлтээ хийх гэж байна.
Х.БАЯРМАА: Албан ёсны нэршил маань жүжигчдийн жүжиглэх урлагийн ур чадварын лаборатор гэж явж байгаа. Энэ ажлын талаар манай гэр бүл маш удаан ярьж, төлөвлөсөн.
Х.СУМЪЯАДОРЖ: Гадаадад гэр бүлээрээ жүжигчний удамтай гоё гэр бүлүүд байдаг. Тухайлбал, Skarsgard family гээд алдартай гэр бүл байдаг. Яг тэр гэр бүл шиг гэр бүл болох юм сан гэж багаасаа мөрөөдөж өссөн. Тэр мөрөөдлөө бага багаар биелүүлээд явж байна. Үүний маань нэг хэсэг “Act One” сургалт маань болж байна. Догдлол дүүрэн, сайхан байна.

Х.БАЯРМАА: Аливаа нэг ажлыг эхлэхэд цаг хугацаа л хэрэгтэй юм байна гэж бодсон. Цаг хугацаа нь таараад, бүгдийнх нь санаа бодол нэг шугам дээр давхцах тэр мөчид маш хурдан бүтдэг юм байна гэж бодсон.
-Хүмүүс яаж хүлээж авав. Хүлээлт байсан байх. Давсан уу, Эсвэл ...?
Ц.ХҮСЭЛБААТАР: МУГЖ Ё.Цог гуайн удмынхан гэр бүлээрээ нийлээд хийж байгаа юм байна гээд маш гоё хүлээж авсан. Бурхны авралаар нийгэм манай гэр бүлийг маш сайхан хүлээж авдаг.
Х.БАЯРМАА: Хүлээлтээс давсан. Би бүр чатандаа хариулж хүчрэхгүй байгаа. Манай монголчууд өөрсдийгөө хөгжүүлэхэд онцгой анхаарч, ач холбогдол өгдөг учраас маш эрэлттэй байсан гэдгийг мэдэрч байгаа. 8 настай балчираас 80 настай буурай хүртэл гэдэг шиг бага насны хүүхдүүдээс эхлээд 40 гарсан хүмүүс хүртэл манайд бүртгүүлсэн байна.
Х.СУМЪЯАДОРЖ: Жүжигчний ажил амар биш. Тийм учраас энэ мэргэжилтэй танилцуулах маш гоё гараа нь байгаасай гэж маш ихээр хүсэж байна. Тийм ч учраас “Act One” гэж нэрлэсэн. Энэ нь нэгдүгээр үзэгдэл гэсэн утгатай үг.
-Гэр бүлийнхэнтэйгээ хамтарч ажиллах ямар байна. Санал зөрөлдөх үе хэр их байдаг юм байна?
Х.БАЯРМАА: Олон сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Гэхдээ өөрийн гэсэн хамгийн дотны хамт олон минь миний гэр бүл. Ажил явж байгаа учраас санал зөрөлдөх үе мэдээж байдаг. Ямар ч хамт олон тийм л байдаг. Гэхдээ гэр бүл учраас толгой хагаравч малгай дотроо гэдэг шиг маш сайн ойлголцдог. Гэр бүлээрээ хамтарч ажиллахын хамгийн том давуу тал нь энэ юм байна гэдгийг мэдэж авсан.

-Яг одоогийн байдлаар хэн, хэн ямар үүрэгтэй оролцож байна?
Х.БАЯРМАА: Би маркетингийн чиглэлийг хариуцаж ажиллахыг хичээж байна. Цаашид улам өргөжүүлээд өөрийнхөө салбарыг сайн хөгжүүлнэ гэж бодож байгаа. /ИНЭЭВ/
Х.СУМЪЯАДОРЖ: Нэг хүн 2-3 албан тушаал хашиж байна. Миний хувьд нярав, нягтлан, санхүүчийн ажлыг хийж байна. Хажуугаар нь аж ахуйгаа хариуцаад сургалтын систем дээрээ бас сууж байгаа. Бас багшаар ажиллана.
Ц.ХҮСЭЛБААТАР: Хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах нь миний мөрөөдөл. Цаг зав болохгүй, эргэлзэж явсаар яг энэ цаг мөчид биелэлээ олж байна. Өөрийнхөө чадах бүхнээр дэм, тус болчих юм сан гээд хичээж л байна.
Х.СУМЪЯАДОРЖ: Аавын үүрэг бол бидний тархи. Бидний системийг нэгтгэдэг гол процессор гэж ойлгож болно.
-Өнөөдөр хараахан ирж амжаагүй хоёр хүн байгаа. Тэр хоёр хүн маань ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?
Х.СУМЪЯАДОРЖ: Тэр хоёр хүнд асар их туршлага байгаа. Тийм учраас жүжигчний уран чадварыг хариуцаж ажиллана. Манай багт маш чухал үүрэгтэй гишүүд гэдгийг онцолж хэлмээр байна.
-Танай гэр бүлийн онцлог юу вэ?
Ц.ХҮСЭЛБААТАР: Гэр бүл бүрт аз жаргал байгаа. Ажил байгаа. Манай гэр бүлийн тухайд бүгд мэргэжил нэгтэй учраас нэг нэгнээ ойлгохгүй гэх зовлон байхгүй. Амарсан ч ажлаа ярьдаг. Ажилласан ч ажлаа ярьдаг. "Аав, ээж би ийм дүр ажиллах гэж байна. Яавал дээр вэ. Юун дээр анхаарах вэ" гээд л уртаас урт яриа өрнөдөг.

Х.БАЯРМАА: Хоолны ширээний ард ч ажлаа ярьсаар байдаг. Хэн нь ч хэзээ ч төвөгшөөдөггүй. Бүгд дуртай байдаг.
-Ц.Хүсэлбаатар ахаас асуумаар байна. Таныг жүжигчин болох сонголт хийхэд аав тань эсэргүүцдэг байсан гэсэн. Таны хувьд хүүхдүүдийнхээ сонголтыг яаж хүлээж авсан бэ?
Ц.ХҮСЭЛБААТАР: Урлагийн хүн гэртээ цаг гаргахад хэцүү учраас охиныгоо урлагийн хүн болно гэхэд нь яах юм бэ гэж хэлж байсан. Хариуд нь 3 хоног буруу харж хэвтээд юм яриагүй. МУИС-ийн Гадаад харилцааны ангид бэлдэж байсан хүн гэнэт л урлагийн хүн болно гээд эхэлсэн. Хүү маань болохоор өөрөө эмч болно гэсэн. Эмчээр сурч байснаа гэнэт би урлагийн хүн болмоор байна гээд ороод ирсэн. Миний хүслээс үл шалтгаалаад өөрөө шийдчихсэн байсан учраас яаж ч чадаагүй. Хүү маань их дуугүй, юм асуухгүй л бол дуугардаггүй хүн байсан учраас яаж жүжигчин болно доо гэж бодож байсан. Гэтэл маш сайн жүжигчин болж чадсан. Цаанаас нь цусанд нь шингэсэн юм байдаг бололтой. Яг ийм байдлаар манай хүүхдүүд өөрсдийнхөө сонгосон замаар явсан учраас маш аз жаргалтай байдаг. Өөрийнхөө туршлага дээр үндэслээд хэлэхэд, хүн өөрийнхөө хүссэн ажлаа хийвэл амжилт гаргадаг юм шиг байна. Тиймээс хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмжээрэй гэж хэлмээр байна.
-С.Өлзийхүү эгч та 2 урлагийн салбараас учирсан хосууд уу?
Ц.ХҮСЭЛБААТАР: Үгүй. Гэхдээ театр бид хоёрыг учруулсан. Бид хоёр хөршүүд хэрнээ үг унагаах шалтаг байхгүй учраас хөөрхөн охин гэж харахаас хэтэрдэггүй байсан. Нэг удаа драмын театрт жүжиг үзээд, гэр нэг зүгт болохоор хамт алхаж байгаад дотно болж, ханилсан. Ийм хоёр сайхан хүүхэдтэй болоод өдийг хүртэл сайхан амьдарч байгаа учраас эгшиглэнт эхийн хишигт баярлаж мөргөж явдаг. Гэр бүлээрээ ийм сайхан ажил хийгээд дүүрэн жаргалтай, түвшин сайхан амьдарч байгаа маань урлагийн буян гэж бодож, сүсэглэж явдаг.

-Гэр бүлтэй холбоотой хамгийн их сонсдог үг тань юу вэ?
Х.БАЯРМАА: "Ээжтэйгээ яасан адилхан юм бэ" гэдэг үгийг байнга сонсдог.
Х.СУМЪЯАДОРЖ: Намайг болохоор "Чи яг энэ хоёр хүний хүүхэд мөн юм уу. Яагаад ийм онигор юм бэ" гэдэг. /ИНЭЭВ/
Ц.ХҮСЭЛБААТАР: "Аавтайгаа яасан адилхан юм бэ. Бүр яг шүү. Яагаад аавтайгаа ийм адилхан юм бэ" гэдэг. Тэгэхээр нь би "Тэгээд би яах юм Сосорбарам ахыг дуурайх юм уу" гэхээр бөөн инээдэм болдог. Гень гэдэг юм чинь дамжаад л явна шүү дээ. Яагаад тэгж асуугаад байдгыг ёстой ойлгодоггүй.
-Хүүхдүүд нь мэргэжлийг нь өвлөөд амжилттай сайхан ажиллаад явахыг нь харах аав хүний хувьд хамгийн том бахархал байдаг байх. Та ямар үед хүүхдүүдээрээ хамгийн их бахархдаг вэ?
Ц.ХҮСЭЛБААТАР: Хүүхдүүд маань шинэ уран бүтээлийн санал аваад орж ирэхэд хамгийн ихээр баярлаж, бахархдаг. "Ааваа би тийм жүжигт уригдлаа. Тийм киноны санал авлаа" гээд орж ирэхээр өөрөө тоглох гэж байгаа юм шиг хачин их баярладаг. Яагаад гэвэл энэ сайхан мэргэжил эзэмшсэний хэрэг гарч байна шүү дээ. Хүн тоохгүй бол яах юм. Хэн ч урихгүй бол яах вэ. Гэтэл хүүхдүүд маань найруулагчдын хараанд өртөөд, сайн уран бүтээлч гэж үзээд уран бүтээлдээ урьж залаад тоглуулж байна гэдэг аав хүний хамгийн том бахархал. Үүнээс гадна уран бүтээлийнхээ ард амжилттай гарсных нь дараа нээлтэд нь уригдаж очоод хүүгээрээ охиноороо бахархаад зогсох тэр мэдрэмж бас их гоё байдаг.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!