-Өнгөрөгч Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар нам, бүлгийн хуралдаанаас гарсан улс төрийн шийдвэрийг 100 хувь дэмжин ажиллах, ЗГ-ын тогтвортой ажиллуулах "амлалт" бүхий бичигт гишүүдийг гарын үсэг зуруулжээ. Эл бичгийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Батжаргалтай ярилцлаа-
-МАН-ын бүлэг гишүүдээ ЗГ-ыг тогтвортой ажиллуулах, бүлгийн шийдвэрийг дагах бичигт гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл гарсан. Үнэхээр ийм санаачилга гарсан юм уу?
-Даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдаанаар бүлгийн дотоод үйл ажиллагааг ярилцсаны дүнд цаашид илүү бүтээлч, хариуцлагатай, сахилга баттай ажиллах ёстой гэж үзсэн. Нэгдүгээрт, Монгол Улсын хууль тогтоомж, намын дүрэм журмаа бүрэн мөрдөж ажиллах шаардлагатай байна. Хоёрдугаарт, улс орны хөгжлийг хангах, хөгжлийн бодлого зорилтуудыг тодорхойлох, түүнийг хангах хууль эрх зүйн орчин буюу хууль тогтоох үйл ажиллагаагаа илүү шуурхай явуулах ёстой. Бид бүгдийн өмнө хүлээгдсэн олон асуудал байна. Бүрэн эрхийн хугацаа талдаа ороод байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ёстой. УИХ-ын сонгуульд гишүүн бус нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж оролцдог. Тиймээс намын дээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнээд хойшлуулшгүйгээр нэн тэргүүнд 30 гаруй асуудал руу анхаарлаа төвлөрүүлж ажиллая гэх тодорхой шийдэл гарчихсан байгаа. Мөн дэлхий нийтийн нөхцөл байдал таатай бус байна. Үүнийх нь сүүдэр бидний амьдрал руу орж ирж байна. Тиймээс эл сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодорхой боловсруулж эрсдэл багатайгаар даван туулах ёстой юм. Энэ нь улс үндэстний эрх ашигт нэн чухал.
Өнөөдрийн цаг үе бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын амьдрал ид идэвхждэг үе. Нэг ёсондоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаас гадна үйлдвэрлэл үйлчилгээ, газар тариалангийн салбарын ажил ид явагддаг үе. Тиймээс цаг үеийн чухал асуудлууд руу анхаарлаа хандуулж, цаг алдалгүй тодорхой шийдлүүдийг гаргаад явах хэрэгтэй. Ийм үед бүлэг идэвхтэй, шуурхай, хариуцлага зохион байгуулалттай ажиллах ёстой гэх нэгдсэн байр сууринд санал нэгтэйгээр тогтсон. Үүнийгээ баталгаажуулж, амлалт өгөх байдлаар саналаа нэгтгэсэн үйл явц болсон. Тэрнээс биш дүрэм журам байдлаар оруулсан зүйл байхгүй.
-Хэдийгээр дүрэм журам биш гэлээ энэ бичиг нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, бодлого үйл ажиллагааг хайрцаглах гэсэн оролдлого биш үү?
-Тийм зүйл байхгүй. Бид бүхэн хийж хэрэгжүүлэх ажлуудаа бүлгийнхээ хурал дээр сайн ярьж чаддаг, олонхын бодлого чиглэлээ дагаад явдаг. Намын бүлэг гэдэг бол парламентын бүтцийн байгууллага. Манай намын бүлэг УИХ-ын олонхыг бүрдүүлж байгаа эрх баригч нам шүү дээ. Тиймээс энэ улс орны асуудал бид бүгдтэй нэн холбоотой. Иймд нэлээн бүтээлч, хариуцлагатай сайн ажиллах ёстой. Ард түмний өгсөн ачааг үүрсэн шиг үүрэх ёстой. Түүнээс биш хоорондоо байр суурийн зөрүү байна гээд цаг алдаж, толхилцоод төрийн бодлого үйл ажиллагааг удаашруулаад байж таарахгүй. Үүнд чиглэж гарсан санаачилга гэдгийг хэлмээр байна.
-Бүлгийн гишүүд ямар байр сууринаас хандсан бэ?
-Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь санал нэгтэйгээр дэмжсэн. Тодорхой гишүүдийн зүгээс зөрүүтэй байр суурь илэрхийлсэн. Гэхдээ байр сууриа нэгтгэе гэдэг үйл явц дээр бүгд санал нэгдсэн.
-Бүлэг дээр улс төрийн шинжтэй хуулийн төсөл, үйл ажиллагаа орж ирэхэд энэ бичиг эргээд тулгалт болохгүй гэж үү?
-Бид тодорхой үзэл бодол дээр нэгдээд улс төрийн хүчин байгуулчихсан. Үзэл баримтлал, үнэт зүйлээ тодорхойлоод, улс төрийн сорилтод, сонгуульд оролцоод олон нийтэд бодлого зорилтоо танилцуулаад итгэлийг нь авчихсан. Одоо бид түүнийгээ хийх ёстой. Намын бүлгээс гарч буй шийдвэр тийш л чиглэдэг. Мөн олонхыг бүрдүүлж буйн хувьд Засгийн газраа шинэчлэн байгууллаа. 2025 оны 11 дүгээр сард манай намын дээд байгууллага буюу Их хурал хуралдаж, даргаа сонгосон. Намын дарга маань сая Засгийн газраа эмхлэн байгууллаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бид ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр буюу төрийн баримт бичиг болгоод баталчихсан. Энэ хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж ажиллах ёстой. Улс орны хөгжлийн ахиулах том төслүүдээ ч явуулах ёстой. Баялаг бүтээгчдийнхээ үйл ажиллагааг идэвхтэй дэмжсэн төрийн бодлого, эрх зүйн орчныг ч бүрдүүлэх ёстой. Иргэдийнхээ аж амьдралыг ч дээшлүүлэх ёстой. Тиймээс эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт гэдэг том санаачилгыг дэвшүүлж тавьсан. Түүнийгээ хэрэгжүүлэх ёстой.
Энэ хүрээнд Н.Учралын Засгийн газрыг илүү тогтвортой ажиллуулах, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах чиглэлээр бүлэг онцгой анхаарлаа хандуулах ёстой. Дэмжиж ажиллана гэдэг нь УИХ-ын түвшинд шийдвэрлүүлэх ёстой хуулийн төслүүдийг оруулж ирэхэд нь гацаагаад цаг алдаад байж таарахгүй. Үүнийг нь илүү боловсронгуй болгож, баталж өгөх ёстой. Энэ ажлаа л шуурхайлъя гэж байгаа хэрэг шүү дээ.
-Сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн баталсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байж иргэдийн итгэлийг дахин авах эсэх асуудал хөндөгдөнө. Тиймээс ЗГ-ыг дэмжиж ажиллах ёстой-

-Одоогоор тухайн бичигт хэчнээн гишүүн гарын үсгээ зураад байгаа вэ?
-Даваа гарагт болсон бүлгийн хуралдаанд 50 гаруй гишүүн оролцсон. Тойрогт ажиллаж буй болон гадаад хамтын ажиллагааны хүрээнд эзгүй байгаа хүмүүс бий. Мөн эрүүл мэндийн шалтгаантай гээд нийт 20-иод хүний асуудал байгаа юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь гарын үсгээ зурсан. Шинэ ЗГ эмхлэн байгуулагдсантай холбоотойгоор тухайлсан салбарууд дээр ажиллаж яваа сайдууд бүлгийн хурлаас албан ёсоор чөлөөгөө авсан байсан.
-Үлдсэн гишүүддээ танилцуулаад зуруулна гэсэн үг үү?
-Тэгнэ. Эзгүй байсан гишүүддээ танилцуулаад гарын үсгийг нь зуруулчихна. Одоогоор 40 орчим гишүүн зураад байна.
-Хэчнээн ингэж гарын үсэг зуруулж, амлалтыг нь авлаа ч тодорхой улс төрийн шалтгаан, үзэл бодлын зөрүүнээс болж түүнээсээ ухарвал яах вэ. Бүлгээс хариуцлагын асуудлыг ярих уу?
-Зөрөх боломж байхгүй. Энэ бичигт шинээр гэдэг ч юм уу намын эрх ашгийн үүднээс оруулсан зүйл байхгүй. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаандаа бүрэн оролцох ёстой. Энэ зөвхөн манай намын бүлэг дээр яригдаад байгаа зүйл биш шүү дээ. Ардчиллын замналаар алхаж яваа бүхий л улс орнууд олон ургалч үзэлд тулгуурлаад чөлөөтэй ярьж, асуудлаа дэвшүүлж, олонхоороо дэмжсэн зүйлээ цаашид аваад явдаг буюу цөөнх нь олонхоо дагадаг, олонх нь цөөнхөө хүндэтгэдэг зарчим үнэт зүйл байгаа шүү дээ. Үүнийгээ л бид хэрэгжүүлж ажиллаж байна.
-Энэ бичгийг оруулж ирж байгаа цаг үе нь анхаарал татаж байна. Магадгүй та бүхэн гурав дахь ЗГ байгуулагдсантай холбоотойгоор цаашид бий болзошгүй эрсдлээс сэргийлж ийм бичгийг боловсруулж оруулж ирж байгаа юм уу?
-Бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрчихсөн явж байна. Тэгэхээр бид одоо байр суурийн зөрүү яриад явж байж таарахгүй. Төрийн ажлыг ямарваа нэгэн байдлаар гацаагаад сууж байж болохгүй. Энэ бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлаа хийх л ёстой. Тэгж байж бид дараагийн удаа итгэл өгөх тухай асуудал яригдана. Хоёрдугаарт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бүлэг онцгой анхаарал хандуулж, төрийн бодлогыг шуурхай тодорхойлж өгөх ёстой. Хууль тогтоомжуудыг нь ч бүрдүүлж өгөх ёстой. Ийш бүх үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!