Шинэ жилийн баяраар ажилласан худалдаа үйлчилгээний төв, томоохон захуудын худалдагч, түрээслэгч нарыг өнөөдөр (2021.01.03)-өөс эхлэн Ковид-19 илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ.
Энэ талаар НЭМҮТ-ийн тархвар судлаач Б.Сувд "Халдварын дөрвөн голомт тодорхойлогдоогүй судлагдаж байна. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн гэхээр шинэ жилийн баяр болсноос гадна иргэд өөрсдийгөө халдвар авна гэж огт бодохгүй байна. Мөн шинж тэмдэггүй тохиолдлууд гадуур байгаа гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Хүн амын дунд шинж тэмдэггүй халдварын нууц үедээ байгаа хүн ч байж болзошгүй. Хөл хорионы хугацаанд иргэд хөл хорионы дэглэм сахиж чадсан уу гэдгийг бодох хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн тухайд "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээ зохион байгуулсан ч иргэд идэвхтэй шинжилгээ өгөхгүй, маш удаан явцтай байлаа. Тус дүүрэгт 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр тохиолдол илэрсэн. Үүний цаана хүн амын дунд халдвар тархсан байж болзошгүй. Халдварын байршил тодорхойлогдвол хүмүүст тухай бүр мэдээлнэ. Дээр нь шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчдаас шинжилгээ авна" гэв.