-"Төрөөс төрсөн тэрбумтнууд" гэх нэршил үүсээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ нь төр түүнийг тойрсон эрх мэдлийн далбаан дор хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг илтгэдэг. Тэгвэл авлигын хөрөнгөөр баяжсан этгээдүүдийн тэрхүү орлогыг хураахтай холбоотой хуулийн төслийг өнгөрөгч Засгийн газрын үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан О.Алтангэрэл өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцүүлэг нь эхлээгүй байгаа юм. Харин энэ хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд Г.Занданшатар тухайн хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх ёстой гэдэг дээр байр сууриа илэрхийлэв. УИХ-ын дарга ч мөн адил хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хуулийг дэмжинэ гэв. Тэгвэл өмнөх ЗГ-ын үед нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хууль орж ирж байхад УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн сануулъя-
-О.АЛТАНГЭРЭЛ-

Одоогоос арван сарын өмнө буюу 2025 оны тавдугаар сарын 21-нд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьж байв. Гишүүнээр сонгогдохоосоо ч өмнө хөрөнгө хураах асуудлыг хөндөж байсан тэрбээр ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноосоо хойш Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр эл хуулийн төслийг өргөн барьсан юм. Түүний өргөн барьсан хуулийн төслийг өнөөдрийг хүртэл хэлэлцэж эхлээгүй хэвээр байгаа.
Хуулийн төсөлд, 2002 оноос эхлэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан бүх албан тушаалтны хөрөнгийг хууль ёсны эсэхийг шалгах агуулга багтсан байдаг. Тэрбээр саяхан "Хууль бус хөрөнгө хураах хуулийг УИХ-ын дарга дэмжиж буйд баяртай байна. Хуулийг хэлэлцэх үеэр хэн нь хэн бэ гэдэг нь харагдана" гэх байр суурийг хэвлэлд илэрхийлсэн юм.
-Н.УЧРАЛ-

УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын дарга Н.Учрал хөдөө орон нутагт ажилласан. Энэ үеэрээ "Хууль бус хөрөнгө хураах хуулийг УИХ-ын даргын хувьд дэмжиж батлуулна" гэдгээ илэрхийлсэн юм. Харин чуулганы индэр дээрээс эл байр сууриа "баталгаажуулж "Төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бус орлогыг хураан авч, эмнэлэг сургууль барихад зарцуулдаг болох хуулийг хаврын чуулганаар шийдвэрлэх хүсэлтэй байна" гэсэн юм.
-Г.ЗАНДАНШАТАР-

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч долоо хоногт өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан "Хөрөнгө хураах" тодотгол бүхий хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх саналыг хуулийн хүрээнд УИХ-д тавина гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр "Өмнөх ЗГ-ын өргөн барьсан “Хууль бус хөрөнгө хураах” хуулийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцүүлэх саналыг УИХ-д тавина. Цоо шинэ өөрчлөлт хийхгүй бол шүүхийн шийдвэр ч, төрийн болоод иргэний хохирол ч барагддаггүй байдал үүсээд байна. Шийдэмгий арга хэмжээ авч хурдан ажиллаж чадахгүй байна шүү. Төр нь төр шиг, иргэн нь иргэн шиг байж хууль хэрэгждэг байх ёстой" гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.
-Б.ЭНХБАЯР-

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хувьд О.Алтангэрэл гишүүний өргөн барьсан "Хөрөнгө хураах" тодотголтой хуулийг УИХ-ын мэдэлд байгаа гэдгийг илэрхийлээд байгаа. Гэхдээ тэрбээр одоогийн Эрүүгийн хуульд хууль бус хөрөнгийг хураах агуулга байгаа гэдгийг ч дурддаг юм.
Тэрбээр өнгөрөгч оны аравдугаар сарын 31-нд болсон Ерөнхий сайдын асуулгын цаг дээр "Авлигачдын хөрөнгийг хураахад 2015 онд УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлын хууль гэх нэртэй нийтдээ 3 тэрбум ам.долларын хөрөнгийг өршөөсөн хууль саад болж байна" гэж хэлж байсан удаатай.
Харин энэ оны нэгдүгээр сард хөдөө орон нутагт ажиллах үед Хөрөнгө хураах хуультай холбоотойгоор иргэдээс ирж буй асуултад "Хөрөнгө хураах хуулийг би дарж хэвтээгүй. 2025 оны тавдугаар сард УИХ-д өргөн барьсан. УИХ-ын мэдэлд байгаа. Одоо 126 гишүүн ярилцаж шийдвэрлэнэ. Энэ дотор хэлэлцэж, боловсронгуй болгох асуудал байгаа юу гэвэл байгаа. Үүнтэй 100 хувь санал нэгдэх үү гэвэл би өөр байр суурь хэлнэ. Жишээлбэл, гэмт хэрэг хийгээд хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураадаггүй юм байна гэж ойлгосон юм биш биз. Эрүүгийн хуулиар хөрөнгийг нь хураадаг. С.Баярцогтоос 4 тэрбум, Т.Аюурсайхан нараас мөн 4 орчим тэрбум төгрөг хураасан. Сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллагаас битүүжилсэн, хураасан хөрөнгийг хэмжээ хэдэн 100 тэрбум гарна" гэсэн юм.
Өнгөрөгч оны гуравдугаар сард буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлийн автор бүхий "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон талаараа мэдээлсний дараахан манай сайт УИХ-ын гишүүдээс байр суурийг нь тодруулж байв.
-Д.ЦОГТБААТАР-

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хууль одоо ч байгаа шүү дээ. Өнөөдөр хууль бус хөрөнгийг хурааж байгаа. Жишээлбэл, нүүрсний хулгайн асуудал дээр шүүхээс хөрөнгийг нь хураасан шийдвэр гарсан байдаг. Энэ хууль нь байсаар атал шинээр өргөн барих гэж байгаа хууль гэдэг шууд утгаар нь хүмүүс цочирдож хүлээж аваад байх шиг байгаа юм. Харин өргөн баригдах гэж байгаа хуулийн төсөлд хөрөнгө хураахтай холбогдсон хуулийн процессын асуудлууд нь тодорхой байх ёстой. Энэ тохиолдолд төсөлтэй танилцаж байж л саналаа хэлнэ. Одоохондоо мөн л хэвлэлийн мэдээлэлтэй байна.
-Ц.САНДАГ-ОЧИР-

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: ХЗДХ-ийн сайдын оруулж ирэх гэж байгаа хуулийн төслөөр ерөнхий мэдээлэл авсан. Хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа тохиолдолд түүнийг нь улсад хураан авах тухай л асуудал яригдаж байгаа юм билээ. Үндсэн хуулиараа энэ зөв байх. Энэ нь нэг талаас авлигатай тэмцэх тэмцлийн нэг том алхам болох байх гэж харж байна. Өнөөдөр улс төрийнхөн, сайд дарга нар хаанаас, ямар эх үүсвэрээр орлогоосоо давсан эд хөрөнгөтэй байгааг нотлох ёстой болж таарах байх. Тиймээс миний хувьд хэлэлцүүлгийн шатанд байж болох хууль гэж дэмжинэ. Зарим нэг гишүүд үгүйсгэсэн байр суурийг сонсож байхад "хуучин, коммунизмын үед байдаг байсан феодалуудын хөрөнгийг хурааж байсан цаг үе рүүгээ эргээд орох гэж байгаа юм уу" гэсэн шүүмжлэл явж байгаа юм билээ. Тэр дундаа Ардчилсан намаас сонгогдсон сайд байж ийм асуудлыг оруулж ирж дэвэргэж байгаа нь буруу гэх агуулгаар хандаж байгаа зүйл ажиглагдаж л байна лээ.
-Г.ЛУВСАНЖАМЦ-

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ Үндсэн хуульт, хууль засагладаг улс орон гэдэг бол баталсан хууль нь ухарч үйлчилдэггүй. Тэр зарчмаа хадгалах ёстой гэж харж байна. Түүнээс нэг хууль батлаад, өнгөрсөн хугацаанд болсон асуудлуудыг сөхөөд байвал тэр нь эсрэгээрээ буруу ашиглагдах магадлал өндөр. Тиймээс хууль ухарч үйлчлэх ёсгүй гэдэг зармын байр суурьтай байгаа.
-Б.БАТБААТАР-

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Хууль бус, хулгай, авлигын замаар олсон хөрөнгийг хураахтай холбоотой зохицуулалт одоогийн мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудад бий. Ашиг олохын төлөө буюу бизнесийн цэвэр үйл ажиллагаагаар бий болгосон хөрөнгийг дунд нь хамаатуулж хураах ёсгүй. Хэрэв хулгайн хөрөнгө тохиолдолд тэр боломжийг нь олгож өгсөн төрийг алба хаагч нарт эхлээд хариуцлага тооцдог болох ёстой. Хуулийн төсөлтэй танилцаж байж зарчмын байр сууриа илэрхийлнэ. Харин төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хөрөнгийг илрүүлэх, хураах, хуулийн хариуцлага оногдуулахтай холбоотой асуудалд АТГ-ыг ажлаа тааруу хийж байна гэж дүгнэхээр байгаа.
-Г.ДАМДИННЯМ-

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Одоо байгаа хуулийг шинэ хууль болгосон байдлаар ярьж байгаа бол аль алийг нь харьцуулж үзэх ёстой. Нэн түрүүнд хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлээд, гишүүдэд танилцуулагдах байх. Хоёрдугаарт, бид ардчилсан улс. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчид хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс Үндсэн хуулиа дагаж л бид шийдвэрээ гаргах ёстой.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!