УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.23/ ээлжит хуралдаанаа хийж, 2 асуудал хэлэлцлээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг ГБХНХ-ын сайд Т.Аубакир танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах боломжийг бий болгоход чиглэж байна. Өөрөөр хэлбэл, заавал дагаж мөрдөх албадлагын тогтолцоо биш, харин иргэн өөрийн сайн дураараа, боломжид тулгуурлан оролцох нэмэлт боломжийн талаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн тухайн хуримтлал нь өвлөгдөх боломжтой байхаар зохицуулж байгаа нь иргэдийн өмчийн баталгааг хангах чухал алхам гэж үзсэн байна.
Хуулийн төслийг баталснаар урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болж, иргэн төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авч, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулах боломж бүрдэнэ гэлээ.
Бүлгийн гишүүд хувийн тэтгэврийн эл тогтолцоог нэвтрүүлэхдээ иргэдийн хуримтлалыг найдвартай хамгаалах, сангийн үйл ажиллагааг ил тод байлгах, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал асуудал. Иймээс хуулийн төсөлд хяналт, зохицуулалт, тайлагналын механизмыг тодорхой болгох чиглэлээр онцгой анхаарч ажиллах санал хэллээ. Хөрөнгө оруулалтын сангийн өгөөжийг хэрхэн хуваарилах, малчид хэрхэн хамрагдахаар төсөлд тусгасныг асуусан. Малчид нэмэлт тэтгэвэрт хамрагдах нь нээлттэй гэв. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн УИХ-ын гишүүдэд зориулсан E.parliament.mn платформын танилцуулга, мэдээллийг сонсов.
УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хурлын тов, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, ажлын хэсгийн оролцоо, идэвх, түүнчлэн улс орны статистик болон бусад мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч, ашиглах боломж бүхий E.parliament.mn платформын бүтэц, агуулга, хэрэглээний онцлогийг УИХ-ын Тамгын газраас гишүүдэд танилцууллаа.
"E-Parliament" платформ нь зөвхөн технологийн шинэчлэл төдий бус, парламентыг иргэддээ ойртуулах, УИХ-ын гишүүдийн өдөр тутмын ажлын төлөвлөлт, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлах үйл явц, санал бүртгэх, хуралдааны тэмдэглэл хөтлөх зэрэг олон үйл ажиллагааг цахимжуулсан төдийгүй УИХ-ын гишүүдийн шийдвэр гаргалтыг ил тод, үнэн бодит мэдээлэлд үндэслэх боломжийг бий болгож байгааг тодотгосон. Дээрх платформыг ашигласнаар их өгөгдөлд суурилсан 17 төрлийн 200 мэдээлэл харах боломж бүрдсэн талаар танилцуулав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!