ХУУЛЬ: АН иргэдийн НУУЦ мэдээллийг хууль бусаар задруулсан нь тогтоогдвол эрх бүхий АЛБАН ТУШААЛТАНД 1-5 жил хүртэл ХОРИХ ялтай

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 18 секунд

АН цахим сайтдаа иргэдийн хувийн нууц мэдээллийг дур мэдэн зөвшөөрөлгүй байршуулсан асуудалд холбогдоод буй. Тодруулбал, тус намын An.mn сайтын "Бүртгүүлэх" хэсэгт хэн нэгний регистрийн дугаарыг оруулбал, овог нэр, гэрийн хаяг зэрэг мэдээллүүд гарч ирж байв. Энэ нь цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулж, дээрх асуудал газар авсны дараа АН алдаагаа "зассан" юм.

Үүнийг АН-ын дарга асан Л.Гантөмөр "Намын гишүүдийн цахим бүртгэл зөв. Хэнд мэдээллээ ил харуулах уу гэдэг програмын алдаа гарсан гээд АН-ыг буруутгаж болохгүй.

Ямар хүн намаар дамжаад төр рүү орж байгааг бид мэдэх эрхтэй. Нэг сайд нэр дэвшихэд яам тэр чигээрээ тухайн хүний тойрогт очоод ажилладаг. Тиймээс хаах ёстой мэдээллийг нь хаагаад бусад ил байх ёстой" хэмээн тайлбарласан.

Харин Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар тайлбарлахдаа "ХУР системээс мэдээлэл татаж авахдаа Хувь хүний мэдээллийн тухай хуулийн НОЦТОЙ зөрчсөн. 2021 оны 12-р сард батлагдаж, 2022 оны 5-р сараас хэрэгжиж эхэлсэн Хувь хүний мэдээллийн тухай хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулийн дагуу хувь хүний мэдээллийг авахын тулд заавал тухайн иргэнээс зөвшөөрөл авах шаардлагатай. Тиймээс АН-ын энэ үйлдэл нь хуулийн маш БҮДҮҮЛЭГ зөрчил" гэсэн юм.

ХУУЛИЙН ЗААЛТ:

Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл. Хувь хүний нууцад халдах

1. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;

2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.11 дүгээр зүйл. Хувь хүний нууцыг задруулах

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.Батхүү: АН иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг авч, ирэх сонгуулиар ашиглах нь
О.Батхүү: АН иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг авч, ирэх сонгуулиар ашиглах нь
 
Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаан бямба гарагт болно
Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаан бямба гарагт болно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!