Г.Алтангэрэл, Г.Номуун: Нас нэмж, намба суугаад ирэхийн цагт хөдөө амьдрах сонголт хийх байх. Тэр гоё тайван мэдрэмжийг дахиад мэдрэхийг хүсдэг 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 10 секунд

Улсын драмын эрдмийн театраас төрөн гарсан залуу хос бол Соёлын тэргүүний ажилтан Г.Алтангэрэл, Г.Номууныг UBN сайт онцолж, ярилцлаа. Тэд 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан бөгөөд “Хөх дөл” төслийн хүрээнд нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг бүтээсэн юм.

-Хайрын баяр, сар шинэ гээд хоёр баярын дунд ярилцаж таарлаа. Энэ баяруудад хэр их ач холбогдол өгч тэмдэглэдэг талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

Г.Алтангэрэл: Валентины баярын тухайд бол ач холбогдол өгөхгүй өнгөрөөхийг хүсдэггүй. Учир нь энэ өдөр би ханьдаа сэтгэлээ илчилж, энэ өдөр гэрлэх санал тавьж байсан. Тийм болохоор аль болох ач холбогдол өгч, бие биедээ цаг зав гаргаад ханийгаа баярлуулахыг хүсдэг.

Г.Номуун: Тэмдэглэлт өдрүүдэд боломжоороо ач холбогдол өгч гэр бүлээрээ тэмдэглэхийг хичээдэг. Жилээс жилд аав, ээжийн их болоод анхных шиг валентин тэмдэглэж чадахгүй байгаа ч тэмдэглэхгүй, ач холбогдол өгөхгүй өнгөрөөхийг хүсдэггүй.

-Тайзан дээр гэрлэх санал тавьсан санагдаж байна?

Г.Алтангэрэл: Тийм. Гэрлэх санал тавихдаа гэгээн хайрын валентины баярын өдөр тавьсан нь хэзээ ч мартагдашгүй мөчүүдийн байсан. Театрын уран бүтээлчид маань баярын өдрүүдэд ар араасаа тоглолт ихтэй байдаг шүү дээ. Тэгээд 2015 оны хоёрдугаар сарын 14-нд том хүү маань ээжийнхээ гэдсэнд байсан. Миний хувьд гэрлэх саналаа албан ёсоор тавиагүй байсан. Бас хайртыгаа баярлуулмаар санагдаад ерөнхий найруулагчаасаа зөвшөөрөл авч, ажлынхантайгаа хуйвалдсан. Тэр өдөр театрын тайзнаа “Хэлж зүрхлээгүй хайр” жүжиг тоглож байсан юм. Тэр жүжигт оюутан цагийн амьдрал гардаг, дундуур нь текст хэлдэг хэсгүүд байдаг. Яг тэр хэсэгт би гэрлэх саналаа тавьсан. Үзэгчид бол жүжгийн нэг хэсэг юм байна гэж хүлээж авч байсан.

Г.Номуун: Амьдралын минь хамгийн нандин мөч учраас одоо ч тод санагдаж байна. Би чинь хайртай хүнээсээ хайрлаж, хүндэлж явдаг тайзан дээрээ маш олон гэнэтийн бэлэг авсан азтай эмэгтэй шүү дээ. Тийм ч учраас тэр мөч бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн маань нэг.

-Цагаан сарын баярын тухайд?

Г.Алтангэрэл: Цагаан сарын баяр бол бидний уламжлалт баяруудын нэг. Гэр бүлийнхээ хүрээнд шинэ хүмүүстэйгээ танилцах, настан буурлууддаа золгох, амар мэндийг нь мэдэх гээд маш олон ач холбогдолтой баяр. Тийм ч учраас манай гэр маш их ач холбогдол өгч тэмдэглэдэг. Хэдий залуу хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэхийг хичээдэг.

Г.Номуун: Үндэснийхээ дээл хувцсыг өмсөөд хүүхдүүдээ дагуулаад айл хэсээд шинэлээд явах мэдрэмж хамгийн гоё байдаг.

-Драмын театрын отгон хос гэдэг нэршил одоо ч та 2-ын нэрний өмнө хамт явдаг. Та хоёр драмын теарт орсноосоо хойш нэгнээ сонирхож эхэлсэн үү?

Г.Алтангэрэл: УДЭТ бид хоёрын амьдралтай салшгүй нэгэн холбоотой. Бид хоёр оюутан байхдаа нэгнээ таньдаг байсан ч УДЭТ-т ороод нэгнээ илүү сайн таньж, мэдэж нэгэндээ татагдсан. Дээр хэлсэнчлэн гэрлэх санал, хурим гээд бүх нандин мөч минь театртай минь холбоотой байдаг юм.

Г.Номуун: Театрт үе үеийн хосууд их байдаг. Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Гавьяат жүжигчин Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа гээд гайхалтай хосууд бий. Тэднийхээ залгамж халаа, урлагийн гэр бүл гэдэг хүндтэй нэр хүндийг аваад явж байгаадаа баярлаж, хүндэтгэдэг юм.

-Наадмын нээлтээр хуримаа хийсэн билүү?

Г.Алтангэрэл: Гэрлэж, хуримаа хийх санал бол бидний санаа. Харин Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын дүрийг Н.Наранбаатар найруулагч хуваарилж, бид хоёрыг гол дүрээр тоглуулсан. Тэр жил наадмын нээлт гэр бүл бат бэх байх , төрт улстай холбоотой зохиолтой, наадмын талбай дээр хурим хийх хөтөлбөртэй байсан. Бид эхлээд бол юу ч бодоогүй. Тэгээд оройн гэртээ очоод “Ямар гоё билэг дэмбэрэлтэй юм болов оо. Улсын наадмын талбайд хэдэн мянган хүмүүсийн дунд хуримаа хийж байгаагаар гарах нь байна шүү дээ” гэж ярилцаж байсан. Нэг өдөр найзуудтайгаа ярилцаад сууж байтал “Та хоёр тэгвэл хуримаа хийчихээч” гээд ярьсан юм. Бид хоёр өмнө нь хуримаа хийх талаар ярилцаж байсан л даа. Гэхдээ цаг хугацаа нь арай болоогүй байна гэж бодож байсан. Тэгсэн нэг орой гэртээ ярилцаж байснаа “Хоёулаа хуримаа хийчих үү” гээд л “Тэгье. Хуримаа хийе” гэж гэнэтхэн л шийдсэн юм.

Тэгээд л хоёр талын аав, ээждээ хуримаа хийнэ гэдгээ дуулгасан. Угаасаа аав, ээж, ах, дүү нар маань бид хоёрыг их дэмждэг л дээ. Бид хоёр аав, ээждээ ачаалал өгөхгүйгээр бүх зүйлээ гардаж, хийе гээд л зүтгэсэн. Мөн гэр бүлийнхэн маань тоглолтын завгүй бэлтгэлийн хажуугаар найр хуримын ажлыг маань зохицуулж, бүхий л ар талд минь тус дэм болсон. Мөн Н.Наранбаатар найруулагчдаа үнэхээр баярлахгүй байхын аргагүй. Бидний амьдралын нэгэн чухал түүхэн хуудсыг нээж өгсөн хүн учраас энэ дашрамд найруулагчдаа “Баярлалаа” гэж хэлмээр байна.

-Г.Номуунаагаас асуумаар байна. 4 хүүтэй шүү дээ. 5 эрэгтэйтэй нэг гэрт амьдрах ямар байдаг бол?

Г.Номуун: Маш гоё. Гэхдээ бас хэцүү. Яагаад хэцүү вэ гэхээр 5 эрэгтэй намайг булаацалддаг. Тэр нь надад хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг. Өвдлөө гэхэд 5 эрэгтэй зэрэг халамжлаад, 5 талаас гар, хөл барьж өгнө шүү дээ.

-"Одоо охинтой болох уу" гэдэг асуулт хэр их ирдэг вэ?

Г.Алтангэрэл: Хүмүүс "Одоо нэг охинтой болчихвол" гэж хэлдэг л юм. Яг одоогоор бол зорьж төлөвлөсөн зүйл бол байхгүй л байна.

Г.Номуун: Ер нь бол хүүхдийг нэг их айхтар төлөвлөөд байдаггүй. Ирэх цаг нь болохоор аав, ээж хоёрыгоо сонгоод ирвэл гоё санагддаг. Бага хүүгээ төрүүлсний дараа баяр хүргэхийн сацуу "Одоо охин хэзээ вэ" гэж асууж байсан хүн ч олон байгаа.

-"Хөх дөл" төслийнхөө талаар товвчхон мэдээлэл өгвөл?

Г.Алтангэрэл: Бидний хувьд "Хөх дөл" төсөл төсөөлөшгүй үр дүнтэй байсан. Гэр бүлийн хоорондын харилцаа, хүүхдүүдэд гарсан өөрчлөлт гээд бүх зүйл төгс байсан. Түүнээс гадна 20 ангит контент, Мөнхөө баримтат кино хийгдсэн. Өөрийн гэр бүлээрээ дамжуулж, монголын үндэсний өв соёл, дархлаа, ондоошил гээд олон төрлийн мессежийг өгч залуучууддаа нөлөөлж чадсан болов уу гэж бодож байгаа.

Г.Номуун: "Хөх дөл" төсөл дуусаад хотруугаа буцаж байна гээд мэдээлэл оруулсан чинь нэг залуу гэр бүл бид хоёр руу бичсэн. "Танай гэр бүлийг хараад манай гэр бүл хөдөө амьдрах сонголт хийсэн. Та хоёрт маш их баярлалаа. "Хөх дөл" унтраагүй шүү. Үргэлж дүрэлзэж байгаа шүү" гээд бичсэн. Тэр бол үр дүн. Тийм ч учраас маш их баяртай байгаа.

-Танай гэр бүлийн цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна?

Г.Алтангэрэл: "Хөх төл" төсөл эхний прожект хүрсэн. Дараагийнх нь гэж байгаа гэж бодож байгаа. Мөн бид хоёр уран бүтээлч хүмүүс учраас тайз, дэргэцийн уран бүтээлүүдээ зэрэгцүүлээд явахаар төлөвлөж байна. УДЭТ гэх том айлаас төрөн гарсан учраас буцаад театрынхаа тайзан дээр гарахыг ч үгүйсгэхгүй. Залуу хүмүүс учраас бодож төлөвлөсөн зүйл маш их байна. Зарим зүйлийг нууц хэвээр нь үлдээе.

-Танай гэр бүл өөрсдийн хүсэлтээр хөдөө амьдрах сонголтыг хийх өдөр ирэх болов уу?

Г.Номуун: Нас нэмж, намба суугаад ирэхийн цагт хөдөө амьдрах сонголт хийх байх. Тэр гоё тайван мэдрэмжийг дахиад мэдрэхийг хүсдэг.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Т.Түвшинтулгад МУГТ цол хүртээхээр болжээ
Т.Түвшинтулгад МУГТ цол хүртээхээр болжээ
 
“СМАРТ ЭКО ТРАНС“ ХХК-иас МЭДЭГДЭЛ гаргажээ
“СМАРТ ЭКО ТРАНС“ ХХК-иас МЭДЭГДЭЛ гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!