Улс төрийн намууд хэдийнэ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ил болон далдаар бэлтгэж эхлээд байна. Ардчилсан намын тухайд дотоод сонгуулийн дараагаар буюу ирэх тавдугаар сараас Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэл ажилдаа орно гэдгээ мэдэгдээд байгаа бол ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан С.Оюунд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавиад байна. Тэгвэл албан бусаар горилогчоор тодрох магадлалтай С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар холбогдох хуульд заасан шалгуурыг хангах уу гэдэг анхаарал татаж байна.
НЭГ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ямар шаардлага тавигддаг вэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн баталсан байдаг. Эл хуульд нэр дэвшигч нь:
-50 нас хүрсэн
-Монгол Улсын уугуул иргэн байх
-Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх
-Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
-Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
-Сэтгэцийн эмгэггүй байна гэж заасан байдаг.
ХОЁР. С.Оюун шаардлагад нийцэх үү
-Санжаасүрэнгийн Оюун нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн нэгэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр одоо 62 настай бөгөөд насны хувьд шаардлага хангаж байгаа юм
-Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн, Монгол Улсын уугуул иргэн мөн.
-С.Оюун нь 2023 онд С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үеэр гадаадад амьдарч байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүний хувьд 2012 - 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажилласнаасаа хойш УИХ-д дахин нэр дэвшээгүй. Хэрэв тэрбээр сүүлийн жилүүдэд тогтмол гадаадад оршин суусан бол энэ шалгуураараа "унах" магадлалтай юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд БНСУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл бий.
-Харин дээрхээс бусад шаардлагууд нь хувь хүний хаалттай байх мэдээлэл тул хэрэв нэр дэвшихээ зарласан тохиолдолд холбогдох бичиг баримтаар СЕХ-нд бүртгүүлэх юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!