
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд "Өрхийн санхүүгээ хэрхэн зохицуулж, ууц, тавгийн идээ, бэлэг сэлтээ бэлдэх вэ" гэх асуудал иргэдийн толгойны өвчин болдог. Энэ жил эдийн засаг хүндэрч, иргэд мөнгөгүй байгаа учраас худалдаа эрхлэгчдийн орлого ч багасч нөхцөл байдал хүнд байна.
Бид цагаан сарыг угтсан үзэсгэлэн худалдаанууд болон иргэдийн ууц, махаа бэлддэг Хүчит шонхор захыг зорьж, худалдаа эрхлэгчид болон иргэдийн байр суурийг сонслоо. Бидний очсон газрууд хүн багатай, сэлүүхэн байсан юм.

"ТҮРЭЭСГҮЙ УЧРААС ХАМГИЙН ХЯМД ҮНИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙГАА. ГЭВЧ ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ИЛТЭД МУУДСАН БАЙНА"
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ /Soyolj mall/ : "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд 2 дахь жилдээ гарч байна. Иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхээс муудсан байна. Хүнсний хэсгүүд хүнтэй байгаа ч хувцас, бэлэгтэй хэсгүүд хүнгүй байна. Мөнгөгүй байгаа учраас илүү зардал гаргахгүйгээр өөрт байгаа юмаараа аргалаад шинэлнэ гэсэн бодолтой байгаа юм болов уу гэж бодож байна. Зөвхөн манайх ч гэлтгүй бүх газарт худалдан авалт муу байх шиг байна.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ /Soyolj mall/ : Үзэсгэлэн худалдаанд 4 дэх жилдээ гарч байна. Энэ жил хүн багатай, борлуулалт муу байна. Хүнстэйгээ хамт гарахаар уг нь гайгүй байдаг. Энэ жил хүнснээс тусдаа гарч байгаа болохоор бараа авахаар зорьж орж ирдэг хүн цөөхөн байна. Орж ирсэн хүмүүс нь "Ямар гоё юм бэ. Авчих юмсан. Даанч мөнгө алга" гээд эргүүлж, тойруулж харж байгаад явах жишээний л байна. Иргэд бол үнэхээр мөнгөгүй болчихсон байна. Нөгөө талдаа төр нь ард иргэдээ дэмжихгүй байна. "Тэтгэврийн зээл авах гэхээр дааж давшгүй их шаардлага тавиад, батлан даагч нэхээд байна" гэж бухимдсан ахмадууд их байна. "Хувьцааны мөнгө орчихвол авмаар байна" гэсэн хүмүүс ч мэр сэр харагдаж байна. Цагаан сар бол монгол түмний уламжлалт баяр. Тэр ч утгаараа зарлага ихтэй баярт тооцогддог. Яг энэ үед төр засаг боломж бололцоогоороо дэмждэг байгаасай л гэж хүсэх юм.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ /Их наяд/: Энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Мөнгөгүй юм чинь аргагүй шүү дээ. Одоо бол хүмүүс мөнгөгүй болсон, дээрээс нь татвар их байна. Хувьцааны ногдол ашиг тараавал ард түмний худалдан авалт хамаагүй дээрдэнэ дээ. Манайх бөөний бараа зардаг. Өмнөх жилүүдэд маш сайн зарагддаг байсан ч энэ жил зогсонги байдалтай байна.
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ /Их наяд/: Дорнод аймгаас ирсэн. Нутгийн брэнд гэж ойлгож болно. Хүнсний ногоогоо хавар өөрсдөө тарьж, бүтээгдэхүүн болгоод цагаан сарын баярын ширээний чимэг болгохоор худалдаалж байна. Би 4 дэх жилдээ Улаанбаатарт ирж үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Энэ жил худалдан авалт маш муу байна. Эхний 10 гаруй хоногт бараг хүнгүй шахам байсан. Одоо харьцангуй дээрдэж байгаа ч борлуулалт муу хэвээрээ л байна. "Авах юмсан" гэж байгаа хүн олон байгаа ч мөнгөө өгөөд худалдаж авах хүн цөөн байна. Иргэдийн амьдрал туйлдаж, мөнгө цаас болчихсон болохоор арга ч үгүй байх.

УУЦ ЗАРЖ БУЙ МАЛЧИН /Хүчит шонхор/ : "Энэ жил анх удаа ууц зарахаар ирлээ. Худалдан авалт одоогоор муу байна. 30 гаруй ууцны мах авчирсан. Хоёрыг л зарсан байна. Үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн зүйл байхгүй ч үнэтэй байна гэсэн хүмүүс их байна. Үнийн хувьд том жижгээсээ хамаараад 300-750 төгрөгийн үнэтэй ууцнууд байна. Бага жинтэй хямдхан ууцнууд нь түрүүлээд дуусах шинжтэй юм байна. 40 гаруй кг-тай том ууцнуудаа 750 мянган төгрөгөөр өгнө" гэлээ.

Харин дараа нь бид худалдан авагч иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
АХМАДУУД: ТЭТГЭВРИЙН МӨНГӨ ХААНАА Ч ХҮРЭЛЦДЭГГҮЙ УЧРААС ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХАЛААСЫГ ТЭМТРЭЭД Л ЯВЖ БАЙНА
ИРГЭН 1 /Soyolj mall/: Түрээсгүй зогсож байгаа гэдэг утгаараа үнэ нь харьцангуй боломжийн байна. Гэхдээ тэтгэврээс өөр орлогогүй бидэнд амар биш. Хүүхдүүдийнхээ буянаар л цагаан сарыг давчих санаатай үнэ судлаад явж байна. Би зээл авдаггүй. Төлөгдөж дуусах хүртлээ нэлээд хэцүү юм билээ, юугаа ууж, идэж амьдрах юм. Тийм учраас цагаан сарын хэрэгцээний мөнгөө хүүхдүүдээсээ л авах байх. Гэхдээ хүүхдүүдээсээ ч "зулгааж" амьдарна гэж бүтэхгүй л бодол. Тэд ч гэсэн амьдралтай шүү дээ. Даанч өөр арга алга. Тэтгэврийн мөнгө маань нэг ууц авахад ч хүрэхгүй байна шүү дээ. Яг одоо бол тавгийн идээний үнэ судлаад явж байна. Ааруул л үнэтэй санагдлаа. Чихэртэй ааруул кг нь 40 мянгаас дээш л дуугарч байна. Бусад нэр төрлийн барааны үнэ боломжийн л санагдлаа. Нэмээд хэвийн боов, чихэр жимсээ авахад хамгийн багадаа 1 сая төгрөг зарцуулахаар байна.

ИРГЭН 2 /Их наяд/: Жилд ганц болдог үндэсний цагаан сараа тэмдэглэхийг л зорьдог. Ямар ч гэсэн эхний гурван өдөр идээ будаатайгаа элбэг дэлбэг сайхан тэмдэглэдэг. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой гэж боддог ч энэ жилийн хувьд барааны үнэ өндөр байна. Төр засаг нь энэ талаар жоохон бодолцож өгмөөр юм. Би хувьдаа барааны үнэ л судалж явна. Яг ч авах гэсэн юм алга. Үнэ ер нь өндөр байна. Хөгшид бидний тэтгэвэр цагаан сар хийхэд ХААНАА Ч ХҮРДЭГГҮЙ. Яахав тэгээд үр хүүхдүүдтэйгээ нийлээд болгох л юм. Тавгийн идээ, хүнсээ цагаан сар дөхүүлж байгаад л авна даа. Тэр үед чухам хэдэн төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм бол доо. Барааны үнэ ч өдөр өдрөөр л нэмэгдээд байх юм. Тогтоож барьж болдоггүй юм байх даа.

ИРГЭН 3 /Хүчит шонхор/: Ууц авах санаатай гарч ирлээ. Эрт авбал арай гайгүй хямдхан байх болов уу гээд гарч ирсэн боловч авч дийлэхээргүй үнэтэй байна. Өнгөрсөн жил 300 гаруй мянган төгрөгөөр авч байсан ууцтайгаа адилхан ууцны үнийг сая асуулаа. 660 мянган төгрөгөөр ав гэнэ. Сарын тэтгэвэртэйгээ тэнцэх мөнгөөр ууц авах нь. Тэгэхээр бусад бэлтгэлээ яаж базаах вэ. Тэтгэврийн зээл авчихья гэхээр хүү нь хэвээрээ. Дээрээс нь хамтрагч нэхээд байна. Хэдэн хөгшчүүд юугаараа цагаалж, яаж шинэлэх юм болдоо гэж гайхах юм. Дээр байгаа хүмүүс эцэг, эхтэй л баймаар юм. Юу санаж, бодож ядваг бол доо.

ИРГЭН 4 /Их наяд/: Цагаан сардаа бэлдэх санаатай явж байна. Тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхгүй учраас хэдэн хүүхдүүдийнхээ халаасыг тэмтрээд бага сага юм бэлдэх санаатай явж байна. Өнөөдөр гарч ирээд бараа бүтээгдэхүүний үнэ судаллаа. Нэмж зээл авахгүй бол болохгүй юм шиг л санагдаж байна. Зөвхөн манайх гэлтгүй нийт иргэдийн амжиргаа доод цэгтээ хүрсэн байна. Ард түмнээ боддог юм бол цагаан сараас өмнө хувьцааны мөнгө өгчих хэрэгтэй шүү дээ.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!