
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн урд замд болсон газын дэлбэрэлтэд өртөж нас барсан хохирогчдын ар гэрийнхэн хоёр жилийн хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй талаар мэдээлэл хийж, Төрийн гурван өндөрлөгт хандсан. Гэсэн ч мөн л ямар нэгэн хариу өгөөгүй тул өнөөдөр Төрийн ордны үүдэнд мэдээлэл хийлээ.
Хохирогчдын төлөөллүүд: 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзвар дээр газ дэлбэрсэн. Түүнээс болоод орон сууцаараа, эд хөрөнгөөрөө, амь насаараа хохирсон гамшгийн хэмжээний асуудал болсон. Энэ хугацаанд хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхэн их хүлээцтэй хандсан. Хоёр жилийн ой болоход нь буюу 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хэвлэлийн хурал хийж, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Бидний зүгээс ялгаварлан гадуурхалт явуулж байна гэж үзэж байгаа. Бид 207 дугаар байрныхантай барьцаагүй. Хайртай хүмүүсийнхээ амь насыг алдсан байтал яагаад 3, 4 дэх хэрэгцээ болсон хүний орох орон, орон сууцыг шийдэж өгчхөөд амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхнийг ялгаварлан гадуурхаж үзээд байна вэ гэж үзсэн учраас бид шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр авна гэсэн хугацаатай байсан боловч одоогоор бидэнд ямар нэгэн шат дарааллаар, ямар нэгэн мэдэгдэл ирсэн зүйл байхгүй. Өнөөдөр 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр болсон байна. Тиймээс Төрийн ордны гадаа ирээд хэвлэлийн хурал зарлаж, хариугаа авахыг шаардаж байна. Тухайн осолд долоон хүн амь насаа алдсан. Түүний гурав нь онцгой байдлын алба хаагч. Дөрөв нь энгийн иргэн байсан. Миний аав буюу Төмөрийн Эрдэнэбаатар тэнд зорчиж яваад амь насаа алдсан. Энгийн дөрвөн иргэн бүгд л Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаад амиа алдсан. Тухайн дөрвөн хүн ямар шархтай, ямар байдалтай байсныг ар гэрийнхэн нь нүдээрээ харсан. Тиймээс бие биеэ ойлгоод, сэтгэл санааг нь дэмжих үедээ дэмжээд, ийм байна, тийм байна гээд хоорондоо ярилцаад л явж байна даа.
н.Гантулга: Тухайн осолд би аавыгаа алдсан. Аав минь дуудлагатай явж байгаад осолд өртсөн. Эмнэлэгт 7 хоноод бурхан болсон. Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Хэрвээ цаашдаа ч ямар нэгэн хариу өгөхгүй бол би суулт хийе гэсэн бодолтой байгаа. 207 дугаар байрны хохирогчдыг улсын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргаад хохирлыг нөхөн өгч байгаа. Буруутай этгээд тогтоогдсоны дараа улсын төсвийн мөнгийг нөхөн төлүүлнэ гэдэг мэдээлэл хийсэн шүү дээ. Түүн шиг бидний асуудлыг ч гэсэн шийдээд өгөөч ээ л гэж хүсэж байгаа. Тэр ослоос хойш ээж минь гэртээ байхаар хань ижлээ санаад байж чадахгүй эгчийндээ амьдарч байна. Би гэртээ гурван хүүхэдтэйгээ, эхнэртэйгээ тавуулаа амьдарч байгаа. Тухайн үедээ сэтгэл санааны хохирол гэж яригдаж байгаад л чимээгүй болсон. Бүхэл бүтэн 18 сарын дараа шүүх эмнэлэг дээр ирээрэй гэсэн. Тэгээд бүгдээрээ очсон. Очоод сэтгэл санааны үнэлгээгээ хийлгэсэн. Гэтэл ослоор түлэгдээд амьд үлдсэн хүмүүсийн сэтгэл санааны үнэлгээ бүгд 4, амь хохирсон хүмүүсийн ар гэрийнхний сэтгэл санааны үнэлгээ ч мөн адил бүгдийг нь 4 гээд үнэлчихсэн. Ямар ч ялгаа байхгүй. Доромжилж байгаа юм шүү. Энгийн иргэн гудамжинд зорчиж байгаад алуулчихдаг нийгэм болсон байна шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!