Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр-тай уулзаж, 2026–2027 онд цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд Э.Батшугар мэдээлэл, технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолж, 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа.
Өнөөдөр дэлхийн 89 улс их өгөгдөл, хиймэл оюуны стратегиа баталсан бөгөөд Монгол Улс эдгээр орнуудаас үндэсний онцлог, давуу талаараа ялгарч өрсөлдөх шаардлагатайг сайд Э.Батшугар онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, уул уурхай болон байгаль орчны салбарт суурилсан хиймэл оюуны шийдлийг хөгжүүлж, тулгамдсан асуудлыг технологийн аргаар шийдвэрлэх нь манай улсын ялгарах боломж болохыг тодотгов.
Төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд” зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын зөвлөмж нь төрийн үйлчилгээний философийг бүхэлд нь өөрчлөх томоохон шинэчлэл гэдгийг сайд Э.Батшугар онцоллоо.
Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Бүх нийтийн цахим ур чадварын 6-р аян”-ыг энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулна. Мөн:
– Хиймэл оюуны тухай
– Өгөгдлийн тухай
– Цахим худалдааны тухай
– Гарааны бизнесийг дэмжих тухай
– Сансар, дронтой холбоотой
шинэ хуулиудыг УИХ-д өргөн барина.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг бүрдүүлж буйг онцлон, тус салбарын бодлогыг эрэмбэлэн хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Мөн үндэсний хэмжээний GPU кластер төв байгуулах, монгол хэлний хиймэл оюуны загварыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!