
Харзны усанд орсон бичлэгээ цахим орчинд нийтэлж, охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд орсон Э.Мөнхбаярыг UBN сайт онцолж ярилцлаа. Түүний бичлэг цацагдахтай зэрэгцэн харзны усанд орох нь зөв, буруу гэсэн маргаан үүссэн учраас түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ ЛИНК:
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Э.Мөнхбаяр гэдэг. Бодибилдинг, фитнессээр хичээллээд 10 гаруй жил болж байна. Одоо фитнессийн багш, дасгалжуулагчаар ажилладаг.
-Харзны усанд орж байгаа бичлэг тань цахим орчинд их хандалттай байгаа харагдсан. Харзны усанд ордог болоод хэр удаж байгаа вэ?
-Харзны усанд ордог болоод удаж байна. Тамирчин хүн учраас жил бүр орохыг хичээдэг. Энэ жил саунтай орсон учраас бичлэгээ хийж, өөрийн нүүр номондоо нийтэлсэн. Ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Би өөрөө тамирчин хүн учраас дасгал хийж байх үеийнхээ бичлэгүүдийг их хийдэг. Харзанд орсон бичлэгийн тухайд гэвэл маш олон хүнд хүрсэн байсан. Эрчүүд нь алхаа гишгээнд төвлөрч, шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан. Миний хувьд төрөхдөө түнхний мултралтай төрсөн гэсэн. Тухайн үедээ 100 хувь эдгэрсэн ч ачаалалтай бэлтгэл хийгээд булчингаа хөгжүүлээд эхэлсэн чинь нуруу асуудалтай хүн шиг харагдаад байгаа юм. Тэрийг хараад "Хэлбэр хөөж, хэтрүүлэгтэй алхлаа. Алхаа гишгээ нь ..." гээд шүүмжилж байгаа харагдсан. Би гэхдээ тийм сэтгэгдлүүдэд төдийлөн ач холбогдол өгөөгүй. Харин эмэгтэйчүүд маш гоё эерэг талаас нь хүлээж авсан. Баярлаж байгаа. 10 гаруй жил уйгагүй хөдөлмөрлөж бүтээсэн бие учраас эмэгтэйчүүдэд таалагдсан болов уу гэж бодож байна.

-Өдөрт хэдэн цагаар хэр их бэлтгэл хийдэг вэ?
-Өдөр бүр 2-63 цаг тогтмол бэлтгэл хийдэг. Түүнээс гадна фитнессийн багш, дасгалжуулагч хийдэг учраас өдөрт 5-6 цаг шавь нартайгаа тулж ажилладаг. Тэгэхээр фитнессийн заалан өдөрт дунджаар 7-8 цагийг өнгөрүүлдэг.
-Харзны усанд орох нь зөв эсвэл буруу гэсэн талзал жил бүрийн өдийд өрнөдөг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Мэдээж би зөв гэж боддог учраас ордог. Зөвхөн харзны ус гэлтгүй мөстэй усанд булчингаа суллах, шоконд оруулах зорилгоор байнга ордог. Мөн дархлаагаа дэмжих зорилгоор харзны усанд орохыг илүүд үздэг. Халуун ус эсвэл халуун жакузтай хослуулаад орохоор илүү үр дүнтэй байдаг учраас энэ жил саун түрээслээд харзны устай хослуулж орсон. Харзны усанд орохын тухайд хамгийн тохиромжтой цаг гэж байдаг. Тэр нь яг өдийд буюу нэгдүгээр сарын дундуур идэр есийн үе.
-Харзны усанд орохдоо хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа юу байдаг вэ?
-Зарим хүмүүс толгойгоо оруулаад байдаг. Энэ бол маш буруу буюу олон эрсдлийг дагуулдаг гэж боддог. Тархины судаснууд нарийсаад даралт ихсэх, багасах, харвах гэх мэт сөрөг үр дагаварууд гарч болдог. Тийм ч учраас эмч нар харзны усыг зөвлөдөггүй. Би бол толгойгоо дүрдэггүй. Монгол хүн учраас гол, усандаа хүндэтгэлтэй хандаад гартаа ус хүргэж, зулайгаа шавшдаг. Дараагийн гаргадаг алдаа нь дотроосоо хална гээд архи уугаад байдаг. Энэ бол маш буруу.
-Харзны усанд тогтмол орсноор танд гарсан давуу тал юу байна вэ. Биед тань ямар өөрчлөлт мэдрэгддэг вэ?
-Юун түрүүнд маш гоё мэдрэмж авдаг гэдгийг онцолж хэлмээр байна. Усанд орохоор мэдээж даарна. Гэхдээ уснаасаа гараад ирэхээр биеэс уур савсаад бодисын солилцоо идэвхтэй явагдаж эхэлдэг. Тэр мэдрэмж бол үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж байдаг. Биед гарч байгаа өөрчлөлтийн тухайд гэвэл дархлаа сайжирч байгаа учраас тэр жилдээ ханиад хүрдэггүй. Бараг л жилээ даачихдаг гэж хэлж болно.
-Фитнессийн багш, дасгалжуулагч хүний хувьд залуучууддаа хандаж юуг уриалмаар байна?
-Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг амьдралынхаа хэвшил болгож, эрүүл байгаарай гэж хэлмээр байна.

Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!