Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Оюу Ерөнхийлөгчөөс Итгэмжлэх жуух бичгээ гардаж аваагүй байгаа тул А.Төмөр Элчин сайдын ажлаа үргэлжлүүлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

Өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийн гэргий амьдардаг орон сууцныхаа 17 давхраас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эл хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн зүгээс А.Төмөрийг эгүүлэн татах асуудлыг ихээр хөндөж байсан юм. Харин өнгөрөгч оны 12 дугаар сард УИХ Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татаж, түүний оронд Вашагийн Оюуг томилохоор дэмжсэн байдаг. Гэвч А.Төмөр одоог хүртэл Элчин сайдын үүргээ гүйцэтгэсэн хэвээр байгаа бөгөөд саяхан тус улсын Чонбури мужид бүтээн босгосон хутагт Жанрайсиг бурхны шүтээн дүрд сүншиг, равнайг ёслолд оролцсон нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Тэгвэл Дипломат албаны тухай хуулийн 14.2-д зааснаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний томилгоог "албажуулах" хүн бол Ерөнхийлөгч гэсэн үг бөгөөд УИХ-аар дэмжсэн эл томилгоог Ерөнхийлөгч ёсчлон батлаад, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулдаг.

Харин Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичиг гардуулахаас өмнө шинээр томилох Элчин сайд нарыг тухайн улсаас нь зөвшөөрсөн тухай бичиг ирэх ёстой байдаг. Үүний дараагаар Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгээ гардуулдаг байна.

Харин Элчин сайдууд тухайн томилогдон очиж буй улсынхаа Төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичгээ ёслол хүндэтгэлийн байдалд биечлэн гардуулснаар тухайн өдрөөс албан үүрэгтээ орсонд тооцдог аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, шинээр томилогдсон Элчин сайд нар Ерөнхийлөгчөөс итгэмжлэх жуух бичгээ гардаж аваагүй байгаа нөхцөлд өмнөх Элчин сайд нь үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн юм.

Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
 
Намаасаа хөөгдөөд буй ИЗНН-ын дарга Б.Батбаатар 11.00 цагаас мэдээлэл хийнэ
Намаасаа хөөгдөөд буй ИЗНН-ын дарга Б.Батбаатар 11.00 цагаас мэдээлэл хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.