"Монголын төмөр зам" ТӨХК өнгөрсөн 2025 онд хийж хэрэгжүүлсэн онцлох таван ажлаа танилцуулж байна.
-“Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг МТЗ-д шилжүүлснээр ачаа тээвэр 8.7 сая тонн хүртэл өсөв-

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 103 дугаар тогтоол болон Зам, тээврийн сайд, ТӨБЗГ-ын даргын хамтарсан тушаалын дагуу “Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-д түрээсийн гэрээгээр ашиглуулах шийдвэрийг хэрэгжүүлжээ.
Ингэснээр 226 км урт дэд бүтэц МТЗ-д нэгтгэгдэж, компанийн эзэмшлийн төмөр замын суурь бүтэц нийт 650 орчим км болж өргөжив. Түүнчлэн “Тавантолгой төмөр зам” ХХК-аас шилжин ирсэн ажилтнуудыг үндсэн орон тоонд нэгтгэснээр өнөөдрийн байдлаар Монголын төмөр зам 1,280 ажилтантайгаар нэгдсэн зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байна.
2025 онд "Монголын төмөр зам" ТӨХК нь өөрийн эзэмшлийн “Тавантолгой–Зүүнбаян”, “Тавантолгой–Гашуунсухайт”, “Төмөртэй–Хандгайт” чиглэлийн төмөр замаар нийт 8.764.000 тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 192 хувиар өссөн үзүүлэлт аж.
-Урт хугацааны гэрээний дагуу 3.5 сая тонн нүүрс тээвэрлэжээ-
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд 2025 оны тавдугаар сарын 14-нд нүүрс тээвэрлэх урт хугацааны “түүхэн” гэрээг байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг 2025 оны зургаадугаар сарын 24-нд албан ёсоор эхлүүлсэн.
Анхны галт тэрэг Тавантолгой өртөөнөөс хөдөлснөөс хойш таван сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж нийт 3.5 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд хамгийн богино хугацаанд хийгдсэн дээд хэмжээний тээвэрлэлт болжээ.
-Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэв-
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 21, 86 дугаар тогтоолын дагуу “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замыг барьж байгуулах болон ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК-д хариуцуулж, бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд албан ёсоор эхлүүлсэн.
Төслийн бүтээн байгуулалтад дотоодын 63 аж ахуйн нэгж, 2748 инженер, техникийн ажилтан, 1453 техник, тоног төхөөрөмжтэйгөөр оролцож, өнөөдрийн байдлаар доод бүтцийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 98 хувь, төслийн нийт ажлын гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.
-Монгол Улсад анх удаа төрийн өмчит компани биржийн бус зах зээлд хөтөлбөртэй бонд гаргахаар боллоо-

Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 15-нд баталсан 132 дугаар тогтоолын дагуу дэд бүтцийн томоохон төслүүдийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс босгох чиглэлээр судалгаа, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсад анх удаа төрийн өмчит компанийн хувиар биржийн бус зах зээлд хөтөлбөртэй бонд гаргаж, Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн эхний үе шатанд шаардлагатай 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлэхээр боллоо.
Нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 300,000 ширхэг, 12 сарын хугацаатай, 17 хүртэл хувийн хүүтэй, хагас жил тутам хүү төлөгдөх нөхцөлтэй энэ бонд нь олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилт бүрдэх үед хугацаанаас өмнө эргэн төлөгдөх боломжтойгоор зохион байгуулагдсан. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоож, улсын стратегийн томоохон дэд бүтцийн төслүүдийг хөрөнгийн зах зээлийн санхүүгийн хэрэгслээр дэмжих шинэ боломжийг нээжээ.
-Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас 4 өртөөг Олон Улсад нээлттэй өртөөгөөр зарлалаа
”Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын Цогтцэций, Борхошуу өртөө, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой, Гашуунсухайт өртөөг Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээрийн шаардлага, төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж, Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас Олон улсад нээлттэй өртөөгөөр зарлалаа.
Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь эдгээр өртөөгөөр 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олон улсын бүх төрлийн ачааг хүлээн авах, тээврийн харилцаанд орох эрх зүйн боломж бүрдсэн байна.

Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!