Ж.Одгарьд: “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил ард түмэнд ээлтэй, буян тогтсон сайхан жил гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 55 секунд

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын ач холбогдлын талаар болон XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн өнгө, онцлогийн талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.

-Ирж буй Сүрээр дарагч” -хэмээх гал морин жилийн ерөнхий шинж ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу. Шороон үхрийн зурлагад яаж буусан байгаа вэ?

-UBN сайтын нийт уншигчдад айлчлан ирж буй галморин жилийн мэндийг дэвшүүлье. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарч байгаа. 2026 оны 2 сарын 18-ны өдөр шинийн нэгэн тохиож морин жил урган гарах нь. Жилийн ерөнхий өнгө байдлыг шинждэг олон аргачлалууд байдаг. Монголчуудын дунд хамгийн өргөн дэлгэр түгэн дэлгэрсэн арга нь шороон үхрийн зурлага түүний шинж гэж байдаг. Шороон үхрийн зурлагыг шинжэд энэ жил улс оронд ерөнхийдөө буянтай. Мал сүрэгт сайн боловч бага зэрэг хямралтай. Идэр залууст амгалантай, Нялхаст дунд зэрэг, өвгөд хөгшид биеэ энхрийлүүштэй жил гарах нь. Үүнийг төр улсын нийгмийн байдалтай бас холбоод тайлбарладаг. Тэгэхээр нялхас буюу бага балчир гэдэг нь нийт ард иргэд гэж ойлгож болно. Товчхондоо бол хүн ардын хувьд тогтуун, буян тогтсон тийм сайхан жил гарна гэж манай зурхайч лам нар онцолсон. Хөгшдөд биеэ энхрийлүүштэй гээд байгаа нь төрийн дээд албан тушаалтнуудыг хэлж байгаа юм болов уу. Тэгэхээр шороон үхрийн зурлагаар төр улсын шийдвэр шийдвэр гаргагчдийн хувьд хүнд, хүнд сорилтуудтай тулсан амаргүй жил байх нь гэж ойлгож болох юм уу гэж бодогдож байна. Төрийн хууль цаазаа сайтар сахиад хүмүүнлэг байж, гаргаж байгаа шийдвэрүүд нь хүний төлөө, иргэдийнхээ төлөө чин шударгуу байх юм бол улс орон цаашид сайхан засраад амар амгалантай,магадгүй хойшид гарах бэрхшээл саадуудыг наана нь таслан зогсоочих боломжтой болох байх аа гэж бодож байгаа.

-Байгаль цаг уурын тухайд?

-Энэ жил хур тунадас элбэгтэй сайхан жил гарнагэнэлээ. Хаврын гурван сар болон тэргүүн дөрвөн сард бага зэргийн гантай. Жилийн эртдээ хүчтэй аадар мөндөр орох ч өвс ургамал, ногоо сайн. Жилийн дундуур бага зэрэг гандуу боловч жилийн сүүлээр хур, мөндөр буух төлөв байна. Мөн халуун өвчин гарах нигууртай гэж тайлбарласан байх юм.

-Цагаан сар угтаад үүсдэг нэг асуудал нь яг хэзээ вэ гэдэг дээр маргаан үүсдэг. Мөн өнгөрсөн жилүүдэд битүүн, шинийн нэгэн тасарсан. Энэ жил ямар нэгэн маргаан үүсэх асуудал бий юу?

-Энэ жил тийм зүйл байхгүй. Азийн ихэнх улс орнуудын шинэ жилийн баяр, хаврын баяр нэг өдөр таарч байгаа учраас маргаан гарахгүй болов уу гэж бодогдож байна. Ер нь бид жилийн жилд л нэг зүйлийг ярьдаг шүү дээ.Бусад улс өмнө юмуу хойно тэмдэглээд байна. Бид яагаад адилхан байдгүй юм бэ? Гээд л.. Бусад улс үндэстэн төрт ёсныхоо баярыг яаж тэмдэглэх нь тухайн ард түмний асуудал. Бид бас тэр жишгээр өөрсдийн гэсэн тооцооллоор тооцож, уламжлалт баяраа тэмдэглэх нь зөв. Дэлхий дээр олон мянган зурхай судлалын тооцооллууд байдгаас монголчуудын авч хэрэглэдэг Төгс буянт зурхайн ёсны тооцоолох арга ньмянган жилд маш цөөхөн секундээр зөрөх магадлалтай. Зөрөхгүй ч байж болно гэж эрдэмтэд тодруулж байна лээ. Тийм тооцоолол ховор юм гэсэн. Тэгэхээр ийм оюуны өв соёлтой ард түмэн чинь юундээр маргах юм бэ. Бид Монгол улсын төрийн архивт нэг хувь, Гандантэгчэнлин хийдэд нэг хувь нь хадгалагдаж байгаа тэр баримт материалаа баримтлаад мянган жилдээ цагаан сараа тэмдэглэнэ.Маргасан ч эс маргасан ч тогтсон ном ёс, тооцоолоороо гэсэн үг л дээ.

-Битүүний өдөр гэрийнхээ үүдэнд гурван мөс тавих ёстой гэдэг. Энэ заавал хийх ёстой юу. Байртай айлуудын тухайд боломжгүй байдаг. Яг яах ёстой байдаг юм бэ?

-Лхам бурханы унааг хооллож байгаа ундаа гэдгийг манай залуучууд хэдийнэ ойлгодог болчихсон учраас энэ ёсыг сайн гүйцэлдүүлдэг гэж би хувьдаа боддог. Мэдэхгүй хүмүүст нь хэлэхэд битүүний өдөр Лхам бурхан гурван мянган ертөнцийг эргэж тахил, идээг нь болгоож, залбирал даатгалыг нь авдаг гэж бэлэгддэг. Тийм учраас Лхам бурхныг залархад унаа хөлөг болсонлуусанд нь зориулж, ундаа бэлдэж байгаа гэсэн утга агуулгатай юм билээ. Өнгөрсөн, ирээдүй, одоо 3 цагийг бэлгэдэж тэр 3 мөсийг тавьдаг. Битүүний орой битүүлэг хийхээсээ өмнө тотгон дээрээ тавьбал зүгээр байдаг. Байртай айлуудын тухайд заавал мөс гэлтгүйгээр аяганд ус хийж тавиад хажууд нь тасалгааны ургамлаасаа нэгийг тавьчхад л болох зүйл юм уу гэж боддогдог. Заавал гэсэн ном байхгүй ч хүн өөрөө сэтгэлийн амьтан учир бидний сэтгэл засрах, сэтгэл сайхан болох талаасаа ойлгох нь зүйтэй болов уу.

-Шинийн 2-ныг хар өдөр айл хэсэхгүй. Золголт хийхгүй гэх хүмүүс байдаг. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байгаа харагдсан?

-Би ойлгохдоо орчлон хорвоогийн өдөр болгон сайн, сайхан гэж ойлгодог. Муу өдөр гэж байхгүй. Муу өдрийг сайнаар тайлдаг монголчуудын аргачлал байдаг. Гэхдээ шинийн 2 бол муу өдөр биш. Орчлонгийн нар мандах бас л нэг сайхан өдөр шүү дээ. Тэгэхээр ямар ч асуудалгүй золгож болно.

-Зүг мөрөө гаргах ёс уламжлалын талаар товчхон мэдээлэл өгөөч. Зөвхөн өрхийн тэргүүн төлөөлөөд гаргахад болох уу. Аль эсвэл гишүүн бүр гаргах уу?

-Нутаг нутгийн ёс өөр байдаг. Зарим нутагт гэр бүлийн гишүүд бүгд гаргадаг байхад зарим нутагт зөвхөн өрхийн тэргүүн нь гарах ёстой гэдэг. Бурханы номдзаавал зүг гаргах ёстой гэсэн юм байхгүй юм билээ. Гэр бүлийн гишүүд өөрийнхөө гарах хийморийн зүг болон гэртээ орох буян хишгийн зүг мөрөө мэдэж байгаа бол бүгдээрээ гаргахад болохгүй зүйл юу байхав. Хэрвээ мэдэхгүй байгаа бол зөвхөн гэрийн эзнээрээ төлөөлүүлж зүг мөрөө гаргах боломжтой.

-Жил нь орж байгаа болон гарч байгаа хүмүүс юуг анхаарах ёстой бол?

-Жил нь орж байгаа болон гарч буй хүмүүс тусгайлан засал ном хийлгэх учиртай. Тийм учраас 1978, 1990,2002, 2014 оны морь жил гээд 13, 25, 37, 49-ний жил нь орж байгаа хүмүүст онцгойлсон заслууд байгаа. Мөн 1994 оны нохой жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай гэдгийн лам гуай нар айлдаж байна. Тиймээс жил нь орж байгаа болон жилээ үдэж байгаа хүмүүс цагаан сарын өмнө эсвэл хойно засал номоо хийлгэчих зохилтой болов уу.

-Сүсэгтэн олны дунд шинийн 8 аль эсвэл 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэх ойлголт байдаг. Засал номоо хийлгэхэд заавал энэ хугацаанд багтаж хийлгэх ёстой байдаг уу?

-Сар шинийн баярын дараа хүрээ хийдийн газруудаар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэх хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй. Зурхайн ном сударт нар буцахаас өмнө засалтай хүмүүс засал номоо хийлгэвэл сайн гэсэн утга байдаг. Энэ нь зургаадугаар сарын 22-ныг хэлж байгаа юм билээ. Хаврын тэргүүн сарын шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр учраас хүмүүсбэлгэдэж, энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэжүздэг байх. Бусдаар ном сударт заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэсэн зүйл миний хувьд үзээгүй.

-ЦАГААН САР БОЛ ХҮНДЛЭЛ, ДЭЭДЛЭЛ, ХАЙР ЭНЭРЛИЙН БАЯР-

-Монгол түмний эв нэгдлийн баяр гэгддэг сар шинийн баярын ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч. Яг үндсэн агуулга, ач холбогдол нь он цагийн эрхээр алдагдаж, ёс төдий болж эхэллээ гэх шүүмжлэл бас байдаг шүү дээ?

-Цагаан сар бол монголчуудын өнө эртнээс тэмдэглэж ирсэн дорнын ард түмний шинэ жилийн баяр шүү дээ. Бидний баярлан бахдаж өнгөрүүлэх ёстой хамгийн том баяр. Нас нэмж байгаагаа, дээшилж, дэвжиж байгаагаа анзаарах тийм их ач холбогдолтой баяр гэж ойлгож болно. Ялангуяа Монголчуудын хувьд төрт ёсны их баяр юм байна. Номт ёсны бас баяр юм байна. Ер нь номоор тооцоолж гаргасан жилийн эх, номоор тооцоолж гаргасан цаг улирлын байдал. Зүгээр нэг эгэл оюун ухаанаар биш шалгадаг ухаанаар шинэжилж тооцоолсон арга байдаг юм байна лээ. Тийм учраас ялангуяа Монголчуудын Цагаан сар тэмдэглэж байгаа нь байгаль орчноо ажигласан, гараг эрхэс, од, сар, нар тэдгээрийн нөлөөлөл, сансар огторгуйн нөлөөлөл, энэ замба тив, сав ертөнцөд дэлхийд амьдарч байгаа шим ертөнцөд нөлөөлж байгаа нөлөөлөл гээд олон зүйлийг тооцоолж агуулсан, агуулга дээрээ суурилсан шинэ жилээ тэмдэглэж байгаа ийм сайхан баяр. Гэтэл Монголчууд сүүлийн жилүүдэд Цагаан сарын баярыг тэмдэглэхдээ агуулгын хувьд жаахан ухвар мөчид хараад байх шиг. Ялангуяа залуучууд гаднын соёлд хэт шүтсэн хандлагаар хандах хандлага ажиглагдаж байна. Товчхондоо бол өөрсдийн үнэт зүйлээ үл анзаарсан, үл анхаарсан байдалтай өнгөрөөж байгаа хандлага ажиглагддаг.

Хүн төрөлхтөн ер нь тийм байна. Цаг хугацаа явах тусам энэрэл, нигүүлсэхүй ялангуяа Бурхан багшийн айлдсан энэрэх, нигүүлсэх сэтгэл хүн төрөлхтөнд ус агаар мэт хэрэгтэй байна. Сүүлийн үед технологи хөгжөөд ирэхийн хэрээр ихэнх зүйлийг технологийн шийдлээр хийдэг, бүтээдэг. Хүний оролцоо ер нь бага болох гээд байна. Технологи бол бидний өгсөн өгөгдөл дээр л ажиллаж байгаа байх гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бид нар ямар сэтгэлгээтэй, ямар суурь санаатай тэр мэдээллийг өгч байна түүгээр л ажиллаж байгаа гэсэн үг. Түүнээс гадна хүн хүнээ хайрлах, хүн хүнээ хүндэтгэх, энэрэх гэсэн энэ ойлголт дэлхий нийтийн хувьд маш том сорилт болж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг цагаан сарын баяр бол энэрэх, хайрлах хүндэтгэлийн баяр. Ахмадуудаа хүндэтгэдэг, алгаа дэлгэн золгодог, зочилдог ийм сайхан хүндэтгэл дүүрэн, хайр дүүрэн баяр. Монголчуудын эв нэгдэлтэй байх ялангуяа түүх өв соёлоо өвлүүлэх агуулга энэ баярын цаана агуулагдаж байгаа учраас бид нар үүнийгээ өшөө илүү анхаарч сайхан тэмдэглэх хэрэгтэй гэж боддог. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Монголын ард түмний эв нэгдлийг хангагчийн хувьд хэлж байгаа үг бүртээ, "Төрт улсын түүх өв соёл, уламжлал. Үүнийгээ бид нар эрхэмлэх нь дэлхий нийтэд ондооших хамгийн чухал дархлаа. Бид нарын хамгаалалт юм байна шүү гэж гэж хэлээд байдаг. Ерөнхий сайд Г.Занданшатарийн хувьд ч мөн адил өв соёл талдаа онцгой анхаардаг. Тэр хэрээрээ уншиж судалдаг. Бас түүнийгээ биеэр үлгэрлэх гэж хичээдэг юм уу гэж бодогддог. 2026 оны босгон дээр ард түмэнд хандсан мэндчилгээн дээрээ 2026 он, гал морин жил бид нарт илүү их эв нэгдэл, сайн сайхан, ялангуяа хүнлэг байх тал руу чиглэсэн оюун санаагаа сэргээсэн ийм жил байх болно оо гэж хэлж байгаа харагдсан. Энэ мэтчилэн одоо гал морин жилд монголчууд нийтээрээ сайхан шинэ зүйлүүдийг олж түүнийгээ бүтээн босгосон, түүнийгээ байгуулсан, ялангуяа өв уламжлалаа өшөө илүү таньж мэдэж, түүн рүүгээ ойртсон сайхан жил байх болов уу гэж бодож байгаа.

-Залуучуудад хандаж цагаан сарын баярын ёс уламжлалынх нь дагуу тэмдэглэх талаар зөвлөгөө өгөөч гэвэл та юуг онцолж зөвлөх вэ?

-|Залуучууд цагаан сарын шинийн нэгний өглөө сайхан эртхэн босох хэрэгтэй байна. Миний хувь хүнийхээ хувьд маш их сэтгэл эмзэг явдаг зүйл бол манай залуучууд маш их унтдаг. Бусад улс оронд очихоор 5 цаг гээд л хүмүүс нь бужигнаж эхлээд 6 цаг гэхэд үйлчилгээний байгууллагууд нь онгойдог. Гэтэл манай монголчууд 6 цаг гэхэд унтаж л байна. 7 цаг, 8 цаг ч унтаж л байдаг. Тэгэхээр ядаж цагаан сарын шинийн 1-нд өглөө эрт бар цагтаа багтаад босвол сайн. Бар цаг гэдэг нь өглөөний 3:40-5:40. Арай эрт санагдаж байвал ядаж 5:40-7:40 туулай цагт босох хэрэгтэй. Энэ бол цагаан сарын шинийн нэгний өглөө хийх ёстой хамгийн чухал зүйл. Хоёрдугаарт өглөө босоод залуу ч бай, хөгшин ч бай ганцаараа ч бай олуулаа ч бай сайхан босоод гэр орноо, бурхан тахилаа сэргээж, цэвэрлэж тавьчхаад идээ ундныхаа дээж бүгдийг сайхан бурхан шүтээндээ өргөх хэрэгтэй. Тэгээд юу байна түүнийгээ ээж, аав, эмээ, өвөө, багш дээдэсдээ өргөвөл их сайнсан гэж бодогдож байна.

Ж.Баярмаа: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулагдсан бол чуулганы завсарлагаанаар олон ажил амжуулах байсан ч МАН-ынхан “гацаалаа“
Ж.Баярмаа: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулагдсан бол чуулганы завсарлагаанаар олон ажил амжуулах байсан ч МАН-ынхан “гацаалаа“
 
Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!