Монголын толгой баячуудын нэг "Эрэл"-ийн гэх тодотголтой Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амиа алдсан Филиппин Улсын иргэн Террил Атиенза агсны нөхөр хоёр охиныхоо хамтаар өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Тэд одоогоос 14 жилийн өмнө Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх эхнэрийнхээ, ээжийнхээ амиа алдсан хэргийн хавтаст хэрэгтэй танилцаж, сэргээн шалгуулах хүсэлтээ гаргахаар ирээд байгаа юм.
Учир нь Террил Атиенза нь одоогоос 14 жилийн өмнө буюу 2011 оны зургаадугаар сарын 19-нд Сингапур-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд газардсан гэдэг. Түүнийг тосож авсан хүн нь Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн бөгөөд онгоцноос буусан даруйд нь Нүхт дэх хаустаа аваачсан талаар сэтгүүлч С.Будрагчаагийн нэвтрүүлэгт дурдагдаад буй. Улмаар Террил Атиензагийн гар утас, компьютерийг нь хураан авч гэр бүлтэй нь таван сар гаруй хугацаанд холбоо бариулаагүй, цалинг нь өгөөгүй боолчилсон гэх асуудал ч нэвтрүүлэгт дурдагдсан.
Д.Сэргэлэн нь юуны учир гадаадын иргэнийг цалин хөлсгүй ажиллуулж, гэр бүлийнхэнтэй нь холбоо бариулахгүй байснаар зогсохгүй бие, сэтгэл санааны хүчирхийлэлд байлгасныг хуулийн байгууллагууд тогтоолгүй өдийг хүрсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.
Тэгвэл ГХЯ-ны Консулын газрын албан ёсны сайтаас авсан мэдээллээр, Даваахүүгийн Сэргэлэн нь өнөөг хүртэл Австри Улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консулаар ажиллаж байна.

Харин өдгөө иргэдийн зүгээс Д.Сэргэлэнг өргөмжит консулаар ажиллах нь зохимжгүй хэмээн буцаан татахыг шаардаж, цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!