Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.12.13/ Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 100 айл орчмын нийтийн байрыг дахин төлөвлөх ажлын явцтай танилцлаа. Уг нийтийн байр нь 1947 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2022 оноос дахин төлөвлөх төсөлд хамрагджээ.
"Мөнх арвин булаг" ХХК сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн гүйцэтгэлийг хариуцаж байна. Төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 800 айлын орон сууцны 7 барилга, таван давхар үйлчилгээний төв, автомашины зургаан давхар зогсоол бүхий хороолол барих юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны гурван барилгыг ашиглалтад оруулж, зуу гаруй айл өрх байрны түлхүүрээ гардан авчээ. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд нь оруулахаар төлөвлөжээ.
Нийтийн цагаан байранд 360 өрх амьдарч байсан бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, хэрэглээний усаа зөөврөөр хангадаг, хана тааз нь нурах дөхсөн зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байжээ. Тийм учраас дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан ч 22 удаа амжилт олоогүй юм байна. Шалтгаан нь дэд бүтэц шийдэгдээгүй, ажил гүйцэтгэх нөхцөл хүнд зэргээс болж компаниудын сонирхолыг татдаггүй байжээ.
2020 онд нийслэлийн төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн санхүүжилтийг нь шийдвэрлэсэн байна. Харин 2022 онд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нийтийн байрны оршин суугчдын хүсэлтээр албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсанаар төсөл эрчимжихэд түлхэц өгсөн байна.
Төсөл амжилттай хэрэгжихэд оршин суугчдын оролцоо, идэвх өндөр байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Оршин суугчид төрийн бус байгууллага байгуулж, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!