Х.Тэмүүжин нарын УИХ-ын гишүүд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. Эл хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдрөөс байнгын хороод дээр эхэлж буй юм. Хуулийн төсөлд багтсан хэд хэдэн агуулга нь анхаарал татаж байна.
Тухайлбал, Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ авахдаа “НИЙГМИЙН АЮУЛ” гэх хийсвэр ойлголт хэрэглэж байгаа нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж байна гэж үзжээ. Иймд хуулийн төслөөр эл ойлголтыг хасахаар тусгажээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд хэвлэл, мэдээллийн байгууллага төдийгүй үг, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд "халтай" заалт хэмээн нэрлэгдэж буй Эрүүгийн хуулийн “13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах” зүйл ангитай холбоотой асуудал тусгагджээ. Тодруулбал, эл зүйл ангийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтаны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах болсон. Тэгвэл төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус талаар хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага албан тушаалтан тухайлан хуулийн этгээдийн статусгүй буюу эрх зүйн харилцаанд оролцвол “Монгол Улсын төр” гэсэн нэг эрх зүйн этгээд л байх боломжтой. Гэтэл эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож буй нь эрүүгийн хуулийн тодорхойгүй байдалтай холбоотой гэж үзжээ. Иймд төсөлд "хуулийн этгээд" гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй” гэсэн тайлбар нэмэхээр тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!