Монгол Ардын намын Их хурал ирэх 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд товлогдоод байна. Их хурлаар намын даргын сунгаа дахин болно. Тэгвэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав эл сунгаанд оролцохоо илэрхийлсэн талаар мэдээлэл гараад буй. Бид эл мэдээлэлтэй холбогдуулан өөрөөс нь тодруулга мэдээлэл авлаа
-Олон нийтийн сүлжээнд өөрийг тань МАН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн үү?
-Иргэнийхээ хувьд надад МАН-ын даргад нэр дэвших эрх байгаа. МАН-ын гишүүд удирдах ажилд нэрээ дэвшүүлэх эрхтэй байдаг. Энэ нам чинь дандаа хулгайч нараар дүүрчихсэн нам биш л дээ. Ялангуяа социал демократ онолыг хэрэгжүүлэхдээ шударга ёс, тэгш байдал зэрэг үндэсэн зарчмуудыг хэвшүүлэх гэж оролдож байгаа залуучууд бий. Манай нам 104 жилийнхээ 90-н жилд нь коммунист нам байлаа шүү дээ. Тэгээд 30-р их хурлаараа социал демократ үзлийг өөрийн намын үзэл баримтлал болгон авлаа шүү дээ. Угтаа нам гэдэг бол тодорхой үзэл дор нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Түүнээс биш бөөнөөрөө суучхаад үзэл хайж байгаа бол тэр нам тараад дахин шинээр эхлэх ёстой л доо. Хамгийн гол аюул нь МАН буцаад коммунист нам болох зам руугаа эргэчих гээд байгаа. Нарийндаа бол социал демократ онол болон коммунист онол хоёр чинь тэс ондоо онол. Уг нь Н.Энхбаяр дарга 10 жилийн өмнө коммунистуудаа аваад МАН-аас гарсан юм. Гэхдээ буцаад ирсэн. Одоо манай нам буцаад коммунист, социал демократ хоёрын холимог хуурга болчхоод байгаа.
-Тэгэхээр таныг намын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор илэрхийлж байна гэж ойлгож болох уу?
-Би гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлж байгаа. Манай 300 мянган гишүүнд намын хуралдаа сонгох, сонгогдох, УЗ болон намын даргад нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй шүү дээ. Нийгэмд баахан хулгайч нар нийтийн санхүү, төрийн өмчид гар дүрж, том хулгай нь жижиг хулгайчаа нам дарж байгаад өөрөө дарга болж байгаа мэт үйл явц л харагдаад байна. Гэтэл бүхэл бүтэн 300 мянган гишүүнтэй нам тэр чигтээ хулгайч гэсэн үг биш л дээ.
-Та яагаад ийм шийдвэрт хүрсэн юм бэ. Магадгүй улс төрд өрнөж буй үйл явцаас шалтгаалан та ийм шийдвэр гаргасан юм уу?
-Манай нам бол төрийн эрхийг барьж яваа нам. Төр буюу төрийн бүхий л институтэд МАН ажиллаж байна. Гэтэл ёс зүйн талаасаа маш том асуудал гарч ирж байна шүү дээ. Наад зах нь, УИХ-ын дарга нь чөлөөлөгдөж, дэд дарга нь Үндсэн хууль зөрчсөн болох нь цэцийн шийдвэрээр тогтоогдлоо. Хоёрдугаарт, намын хэрүүл нь төрийг доргиож байна. Сая хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь хоёул эзэнгүй боллоо шүү дээ. Энэ үйл явцаас харахад, нам дотооддоо цэвэршиж, нэг талдаа гарах асуудал ч байгааг харуулж байна. Мөн намын их хуралд сонгогдож байгаа гишүүдийг сонгох процесс нь хүртэл тодорхой биш, далд байдлаар явагдаад байна. Хэдхэн эрх мэдэлтнүүд ялангуяа хулгайтай холбогдсон этгээдүүдийн талын хүмүүс орох бусармаг зүйлс ч чихэнд сонсогдоод л байгаа. Гэхдээ цэвэршээд, зөв юм нь нэг талдаа гарсан нь дээр байх л даа.
-Ер нь таниас өөр нэр дэвшихээ илэрхийлж байгаа гишүүд бий юу?
-Зөндөө байгаа болов уу л гэж бодож байна. Коммунист нам биш шүү дээ. Хэрэв социал демократ нам мөн л бол бүх эрх нь байгаа. Түүнээс биш хайрцаглаад хэдэн нөхөр гардаг, тэд нар нь төрийн нийтийн хамааралтай өмчид гар дүрчихээд түүнийхээ төлөө хоорондоо зодолдоод байвал утгагүй. МАН луйварчдын нам биш л гэж хэлмээр байна.
-Намын 300 мянган хүнийг тэжээх асуудал нь улсын зовлон болчхоод байна-
-Та нам доторх хулгайтайгаа тэмцэнэ гэсэн байсан?
-Нам гэлтгүй нийтийн санхүүд гар дүрж байгаа асуудалтай тэмцэх ёстой. Би арваад жилийн өмнө МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа НӨАТ-ын системийг иргэдийнхээ тусламжтайгаар хийсэн. Энэ системээр дамжин манай улсын төсөв сүүлийн арван жилд 10-15 хувь давж биелж байгаа. Иргэн хүний ганц үйлдэл энэ гайхамшигтай системийг бүтээж байгаа юм. Энэ утгаараа төрийн эрх барьж байгаа хүмүүст маш их мөнгөний эх үүсвэр бий болгочихсон. Тэд гараа хөдөлгөөгүй шахуу байхад татварын орлого давж биелээд байгаа юм. Бид ийм эрүүл систем хийгээд өгчихсөн. Одоо хамгийн гол нь татвар, даатгалын мөнгөөр бүрдсэн нийтийн санхүүг зөв зарцуулах нь орчин үеийн улстөрчдийн ухаан байхгүй юу. Гэтэл нийтийн мөнгийг эрх мэдэлтэй хэдэн хүн нь ямар ч хараа хяналтгүй, дур зоргын асуудал болчхоод байна. Энэ байдлаас инфляц бий болдог, мөнгөний ханш унадаг, нууц мөнгө хэвлэлт явагддаг. Тэр нь эргээд иргэн, ААН-үүдээ хорлонтой ажил болж хувирдаг. Ийм хорлонтой ажил асар их явагдсан учраас өнөөдөр бид татварын орлогоо дандаа давуулан бүрдүүлж байгаа боловч зарцуулалт нь нууц байдлаар явж байна. Үүнээс иргэн та бид хохирно л гэсэн үг.
-Танай намд ямар хулгай байна вэ. Танай намын улстөрчдийн дунд нуугдаж, дарагдаж ирсэн хулгай, булхай өнөөдөр улс төрийн үйл явцаар ил болж, бие биенээ намнах хэрэгсэл нь болж байгаа мэт харагдаж байна шүү дээ?
-МАН-ын гишүүнчлэлтэй 300 мянган хүний хэд нь хувиараа ажил хөдөлмөр хийдэг юм бол доо. Би сайн хэлж мэдэхгүй юм. Аль ч намын гишүүдийн хамгийн эхний үүрэг бол өөрсдөө хураамжаа өгдөг байх ёстой. Хоёрдугаарт, аливаа арга хэмжээнд төлбөрөө төлж ордог байх ёстой. Ядаж идсэн хоолныхоо мөнгийг төлж байх ёстой. Ийм наад захын зарчим байдаггүй учраас аль ч намын нөхдүүд хэсэг бүлэг ажилгүй хүмүүсийг тэжээдэг асуудал сүүлийн 20 жилд гараад ирчихсэн. Ялангуяа сонгуулиар дамжин энэ зүйл бүр хэвшчихсэн. Ядаж намын баяр болоход таксаа төлөөд ордог ёс суртахуун байхгүй. Үүнээс нь болж тэр олон хүний хоол унд, зохион байгуулалтыг хийсэн намын дарга гэсэн залуу л хэдэн зуун сая төгрөгийн өрөнд орж байгаа юм шүү дээ. Массыг хамарсан үнэгүй юмаа хийх мөнгөө олохын тулд нийтийн санхүү рүү гар дүрдэг, дахин хуваарилалт хийгддэг.
Намын 300 мянган хүнийг тэжээх асуудал нь улсын зовлон болчхоод байна. Энэ зовлон зөвхөн МАН гэлтгүй бүх намд байгаа.
Ер нь нам гэсэн нэрийн дор санхүүжилт нь тодорхой бус, цаана нь юу орж ирж байгаа нь мэдэгддэггүй, тэгсэн мөртлөө массд зориулж байгаа тэр их зардлыг нийтийн санхүүгээс ямар нэг байдлаар зувчуулж авсан бол энэ өөрөө хулгайн нэг хэлбэр. Үнэгүй хоол идэж байгаа намын гишүүн бүр энэ хулгайд оролцож байгаа гэсэн үг. Ядаж өөрсдийнхөө такс, хоолныхоо мөнгийг төлдөг ёс суртахуунтай байх ёстой. Тэгж байж нам хулгайгаас сална.
Хэрэв хоолны мөнгөө төлж чадахгүй гэж байгаа бол тэр нь дарга болсон нөхдүүддээ хулгай хийж ир гэсэн л захиа даалгавар өгч байна гэсэн үг. Намууд санхүүгийн хувьд цэвэр гэдгээ ил тод харуулж чадахгүй байгаа л бол ямар нэг байдлаар нийтийн санхүүгээс эрх мэдлээр дамжуулж олж авсан мөнгөө ашиглаж байна л гэсэн үг. Намын хулгайг засахгүйгээр улсын хулгай засагдахгүй.