УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр /2025.10.31/ Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн уялдаа холбоотой, нэгдмэл байдлаар гаргадаг байх зорилгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 10 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсныг энэ оны долоодугаар сард баталсан байдаг. Үүний хүрээнд Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын АСУУЛГЫН ЦАГ болгоод байгаа юм.
Тус асуулгын цагийг ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавьж, хариулт авахаар хуульд тусгагдсан.
Мэтгэлцээний хэлбэрээр тусгайлан засагдсан индэрт өрнөх асуулгын цаг хоёр дахиа болох гэж байна. Өмнөх асуулгын цаг нь өнгөрөгч есдүгээр сарын 28-нд болсон. Тэгвэл өнөөдөр хоёр дахь мэтгэлцээн “ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ” сэдвээр өрнөнө.
Үүнд сөрөг хүчин буюу УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан,Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэх юм.