Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар ажиллах эсэх эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Гэхдээ Ж.Чинбүрэн сайдтай хамтран ажиллахад асуудал байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 18 секунд

Энэ оны тавдугаар сард тухайн үед ЭМ-ийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан тушаал гаргаж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгвэл шүүхээс ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан аж. Энэ талаар ХСҮТ-ийн дарга асан Н.Эрдэнэхүүтэй цөөн хором ярилцлаа

-Шүүхээс өөрийг тань ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, буцаан томилох шийдвэр гаргажээ. Та хэзээ шүүхэд хандсан бэ?

-Тавдугаар сарын 2-нд ажлаа өгсөн. Түүнээс хойш тавдугаар сарын 8 билүү 10-нд шүүхэд хандсан байдаг.

-Тэгэхээр шүүхийн процесс нэлээн удаан үргэлжилсэн байх нь ээ?

-Тийм ээ. Ер нь л их уддаг юм байна.

-Шүүхийн шийдвэр гарснаас хойш ЭМЯ-наас тантай холбоо барьсан уу?

-Шүүхийн процесс явж байх үед ЭМЯ, түүний хуульч зэрэг төлөөлөл болсон хүмүүстэй шүүх дээр уулзаж байсан.

-Тэгвэл цаашид шүүхийн шийдвэртэй холбоотойгоор процесс хэрхэн өрнөнө гэсэн үг вэ?

-Шүүхийн шийдвэрийг Эрүүл мэндийн яам болон миний бие гардаад авчихсан. Ингэхдээ шүүхийн захирамж гардагаас ямарваа нэг байдлаар сайдын тушаал ч юм уу тийм зүйл гардаггүй юм байна. Захирамжаа бариад очих ёстой гэдэг зүйлийг л надад хэлж байгаа. Захирамжийг ЭМЯ-нд гардуулж өгсөн тул түүнийх нь дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Энэ талаараа надад мэдэгдэх ёстой гэж ойлгосон.

-Таныг Т.Мөнхсайхан сайдын үед ажлаас чөлөөлсөн. Одоо салбарын сайдаар Ж.Чинбүрэн ажиллаж байгаа. Ж.Чинбүрэн сайдтай холбоо барьсан зүйл бий юу. Саяхан манай сайтад өгсөн тодруулгадаа өөрийг тань ХСҮТ-ийн захирлаар ажиллахгүй гэдгээ хэлсэн гэж дурдсан байх юм?

-Би ажлаа өгөх үедээ "Би Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар дахин ажиллахгүй. Дараагийн залуу боловсон хүчдээ боломж өгье" гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэхдээ би тэр үед Т.Мөнхсайхан сайдыг салбарын сайдаар цаашид ажилласаар байна л гэж бодож байсан. Өөрөөр хэлбэл, би Т.Мөнхсайхан сайдтай хамтран ажиллахгүй гэх байр суурьтай байсан. Одоо бол салбарын сайдаар Ж.Чинбүрэн томилогдож ажиллаж байна. Одоо нөхцөл байдал өөр болсон болов уу гэж бодож байна. Тийм учраас одоо би бодож байна. Эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой учраас дахин Н.Эрдэнэхүүг даргаар тавьчихлаа гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй юм билээ. Ажлаас чөлөөлсөн шийдвэр бүгд хүчингүй болж байна гэсэн үг.

-Тэгэхээр таны хувьд Ж.Чинбүрэн сайдтай хамтран ажиллахад асуудал байхгүй гэж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ж.Чинбүрэн сайдтай хамтран ажиллахад ямар нэгэн асуудал байхгүй шүү дээ.

-Та өчигдөр сошиалд нийтэлсэн агуулгадаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан төсөл "зогссон" гэх агуулгыг дурдсан байсан?

-Би хүмүүсийн ажил руу ороогүй. Орох ч ёсгүй. Тийм ёс зүйгүй байж болохгүй. Нью Йоркын их сургуулийн харъяа судалгааны төвтэй хамтран ажиллахаар төлөвлөж байсан. Энэ нь дэлхийд алдартай судалгааны төв бөгөөд өмнө бид утаатай холбоотой судалгааг хамтран хийж байсан. Гепатит вирусийн эсрэг судалгаанаас гадна дархлааны эмийн хэрэглээ, хариу урвал талын судалгааг Нью Йоркын их сургууль, Барселониагийн их сургууль хамтраад эхлүүлэхээр явж байсан боловч би тэр үед ажлаа өгч таарсан. Надаас хойш хоёр сарын хугацаанд тийш хариу өгөхөө ч больсон байсан. Урьд нь бол би гуйж байсан гэсэн үг шүү дээ. Төслийн санхүүжилт, эм, судалгааны аргачлалаа тохироод төслийн багаа бэлдчихээд байж байхад хоёр сарын хугацаанд хэн ч хариулахгүй, хэн ч бичихгүй байсаар байгаад сүүлдээ нөгөө талаас над руу холбогдсон. Би ажлаа хүлээлгэж өгсөн тул ажилд нь оролцох боломжгүй байгаагаа хэлсэн. Ингээд л судалгаа үр дүнгүй болж байгаа юм. Манайд элэгний хавдрын эсрэг дархлааны эмийг хэрэглэж байгаа боловч түүнийг Энэтхэгээс оруулж ирж хэрэглэж байгаа. Харин бид эл судалгааны хүрээнд АНУ-аас оригинал эмийг, даатгалаас мөнгө авахгүйгээр судалгааны журмаар тэрхүү эмийг оруулж ирэх боломжтой байсан. Хэрэв оруулж ирсэн бол Эрүүл мэндийн даатгалын сангийн ачааллаас ч хөнгөлөх байсан.

-Та буцаан томилогдвол үргэлжлүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий юу?

-Бодсон ажлууд бий. Ажлаа хүлээлгэн өгснөөс хойш таван сарын хугацаа өнгөрлөө шүү дээ. Энэ хугацаанд өөрийгөө ч эргэж харлаа, бодлоо. Хийж байсан эргэцүүлж бодлоо. Аль нь урагштай байж, аль нь болохгүй байгааг ч харж байна. Над руу маш их зурвасууд ирж байна. Японтой хамтран ажиллаж, эхлүүлэх гэж байсан судалгаа маань хүртэл батлагдаагүй л байх шиг байна. Тэдгээр ажлуудаа үргэлжлүүлнэ гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа

ЗГ ээлжит бусаар хуралдаж, шатахууны нийлүүлэлтийн талаар хэлэлцэж байна
ЗГ ээлжит бусаар хуралдаж, шатахууны нийлүүлэлтийн талаар хэлэлцэж байна
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.