Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.22/ хуралдаан гишүүдийн 51.7 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Байнгын хороо шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг дангаар буюу хамтран байгуулж, энэ асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргана.” гэж заасны дагуу ажлын хэсэг байгуулахаар болсон гэлээ. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын хэсэг байгуулахаар болсныг онцлон тэмдэглэв.
“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Жангабыл Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.
Мөн Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Г.Ганбаатар, Ж.Баясгалан, Г.Лувсанжамц, З.Мэндсайхан, Дав.Цогтбаатар, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байна.