Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөхийг 100 хувийн саналаар ДЭМЖЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Санал хураалтаар байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтийг нь дэмжлээ.

Тэрбээр “Энэ хүсэлтээ сая Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дараалалд оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл, дэмжлэгийг авч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдлууд нь МАН-ын даргын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашилбал ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал, хуваагдалд хүргэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй, дураар авирлалт болж, төрийн эрх барих дээд байгууллага болон хууль, хяналтын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин нөлөөлж байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л сувгаар түгээн, миний нэр төрийг гутаан доромжилж байгаа нь туйлын харамсалтай байна.

Иймд миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна” гэлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

ШУУД: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ хэлэлцэж байна
ШУУД: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ хэлэлцэж байна
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.