Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Хоёр хуваагдаж, хоёр даргатай болсон МАН-ын бүлгийн гишүүд юу хэлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 12 секунд

Монгол ардын намын дотоод зөрчилдөөн хүрээгээ тэлж, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаад буй. Тодруулбал, тус бүлгийн нэр бүхий 36 гишүүн мягмар гарагт хуралдаж Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргын ажлаас чөлөөлсөн бол өчигдөр дахин хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн шинэ даргаар сонгосон юм.

Тэгвэл үүсээд буй цаг үеийн асуудлаар МАН-ын бүлгийн зарим гишүүдийн байр суурийг тодрууллаа.

Б.Баярбаатар: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлсөн нь үндэслэлгүй

-Уржигдар хуралдсан бүлгийн хурал албан ёсоор зарлагдаагүй. Тухайн хурлыг хэвлэл мэдээллээс л харлаа. Сайн ойлгоогүй, хууль бус хурал болчих шиг боллоо. Тийм учраас шийдвэрүүд нь бас хууль бус байж таараа. Хүч түрсэн, дарангуйллын шинжтэй зүйлс ажиглагдлаа.

Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж харж байна. Манай бүлэг саяхан л хуралдсан шүү дээ. Хуралдаагүй удсан зүйл байхгүй.

Ж.Бат-Эрдэнэ: Би алга болоод, бүлгээ хуралдуулахгүй яваад байсан асуудал байхгүй

-Бүлгийн хурлыг зөвхөн бүлгийн дарга зарлаж хуралдуулах дүрэмтэй. Зарлахгүйгээр хуралдсан нь дүрмийн бус явдал. Тийм учраас хуралдаанаас гарсан шийдвэр нь ч дүрмийн бус. Хэрвээ намайг ажлаа хийж чадахгүй байна гэж байгаа бол дараагийн албан ёсны хурал дээр надаас энэ ажлыг авч болно. Би бүлгийн даргын албан тушаалтай зууралдах нь битгий хэл, ноён нуруугаа хугалан барин сайд нарын төлөө гүйж байдаг хүн нь би биш.

Өмнө нь МАН-ын бүлэг 32, 34 гэсэн байдлаар хуваагдаж байсан. Энэ бол түүх. Үүнд би өөрөө биеэрээ байсан хүн. Би бүлгийн даргаас гадна Булган аймгийн МАН-ын даргаар ч ажиллаж байлаа. Намын дарга, менежерүүд энэ хагарлаас урьдчилан сэргийлж байх ёстой. Нэг кноп дараад эсвэл гарын үсэг зурснаар шийдвэл эргээд хэзээ ч бие бие рүүгээ эвтэйхэн хардаггүй. Тиймээс би дандаа үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар ирсэн.

Өнгөрсөн долоо хоногт бүлгийг хуралдуулах санал, шаардлагууд ирж байсан ч би “Байж бай, наад асуудлыг чинь ярилцъя. Долоо хоногийн дараа байдлыг харж байгаад бүлгийн хурлаа хийе” гэж хэлж байсан. Түүнээс биш би алга болоод, бүлгээ хуралдуулахгүй яваад байсан асуудал байхгүй. Хоёр бичиг дээр гарын үсэг зурсан хүмүүсийг нэг танхимд оруулахаар яах юм, хоорондоо хэрэлдсээр байгаад л таарна шүү дээ. Тэгэхээр гарын үсэг зуруулж байгаа эзэд нь хоорондоо учраа олж асуудлаа шийдэж байж гарын үсэг зурсан хүмүүс учраа олох ёстой.

Н.Наранбаатар: Хоёр тамгатай, тамгаа авч зугтдаг алиа юм хийхгүй байлгүй дээ

-МАН-ын бүлгийн хурал хуулийн дагуу зохион байгуулагдаад шийдвэрээ гаргасан. Бүлгийн хурал албан ёсоор зарлагдсан ч манай бүлгийн хуучин дарга Ж.Бат-Эрдэнэ зугтаад, ажлаа хийхгүй байна. Тийм учраас олонхоороо цуглаад бүлгээ хуралдуулахаас өөр арга байхгүй. Ж.Бат-Эрдэнэ бүлгийн хуралдаа орж ирэх нь битгий хэл, муур хулгана болоод, өрөө дамжаад олдохгүй байна шүү дээ. Хурал зарлачихаад өөрөө орж ирсэнгүй. Төрийн ажлыг тоглоом болгож байна. Өрөөнд нь очихоор байхгүй, дараа нь гараад ирсэн ч явж байх шиг тоглоод болж өгөхгүй байна.

Ардчилсан намынх шиг хоёр тамгатай, тамгаа авч зугтдаг алиа юм хийхгүй байлгүй дээ. Хувийн компанийнх нь биш төрийн ажил явж байхад тамгаа өгөх байх аа.

Ж.Батжаргал: Бүлэг хоёр хуваагдсан зүйл байхгүй

-Намын бүлэг ээлжит бусаар хуралдаж намайг даргаараа сонголоо. Бүлэг хоёр хуваагдсан зүйл байхгүй. Аливаа хууль, дүрэм, дэгийг бид өөрт ашигтай байдлаар, дур зоргоороо тайлбарлаж болохгүй. Бид нэг бүлэг учраас дүрэм журмын хүрээнд шийдсэн асуудлуудаа дээдлэх ёстой. Хэзээ тамгаа авч, өрөөндөө орох асуудалд яарах юм байхгүй. Би сандал ширээний төлөө ирээгүй. Бүлгийн 68 гишүүний эв нэгдлийг хангаж, 2024 оны сонгуулиар ард иргэдэд амласан мөрийн хөтөлбөр, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бодлогоо чиглүүлж ажиллахын төлөө гарч ирж байна.

Э.Болормаа: Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэвээрээ байгаа

-Ээлжит бусаар хуралдсан гэх бүлгийн хурлын зар бидэнд ирээгүй. Хэсэг бүлэг хүмүүс хоорондоо хуралдахыг бүлгийн хурал гэж үзэхгүй. Нэлээн хүчтэй түрэмгийлж байгааг та бүхэн ч харж байгаа байх. Сайд нар бүгдээрээ ороод сууж буйг харахад сандал суудлын асуудалтай л холбоотой байх. Энэ их улстөржилт дунд манай ах нар хэтэрхий их сэтгэл хөөрлөөр хандаж байна. Засгийн газрыг огцруулах үндсэн асуудал нэг талдаа гарсны дараа ах нар маань жаахан тайвшраад, арай ухаантай хандах болов уу.

Бүлгийн даргын тухайд Ж.Бат-Эрдэнэ хэвээрээ байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгосон нь дүрмийн бус шийдвэр.

Маргааш 09.00 цагаас ТББХ хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ
Маргааш 09.00 цагаас ТББХ хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.