
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 11 сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд Д.Амарбаясгаланд хандаж "Амарбаясгалаан, чи одоо өөрөө боль. Монгол жижигхэн. Наад "Админерал"-тай холбоотой асуудлаа өөрөө шийд. Шийдэхгүй бол өөрөө асуудалтай шүү" гэдэг асуудлыг ярьж байсан. Наад З.Чулуунзагдаа өөрөө зайлуулаач. Наад Б.Ганхуяг, Н.Удаанжаргал гэсэн Монголын оюутны холбооноос ирсэн нөхдүүд чинь асуудал үүсгээд байна" гээд Засгийн газрын хуралдаанд хэлж байсан" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл уг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг дөнгөж сая цахим хуудастаа нийтэлжээ. Уг тэмдэглэлд "Тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Д.Амарбаясгалан дарга Монголын оюутны холбоо Тавантолгой удирдана гэж юу байх вэ дээ. Тэнд байгаа бүх хүмүүсийг бүгдийг нь цавчаад дуусгах хэрэгтэй. Ганхуягийн ярьж байгааг харахад бид нар ямар хүнээр энэ том баялгийг ямар аймшигтай зүйл хийж байсан бэ гэдэг нь харагдаж байна лээ шүү дээ. Юу ч яриад байгаа юм. Мэдэхгүй. Улстөрийн томилгоо дахин энэ байгууллага дээр яагаад ч байж болохгүй. Оюутны холбоо удирдаж байсан хэдэн нөхдүүд бөөнөөрөө очоод Тавантолгойг удирдана гэж юу байдаг юм бэ. Тэгэхээр энийгээ хэдүүлээ бас үнэлэлт дүгнэлт өгөхгүй бол сургамж л юм. Ганхуягийн хувьд ч хайран. Тэнд байгаа залуучууд далчигнаж томроод байх юм байхгүй шүү дээ. Хандыг нь няц дарах ёстой. Ийм зүйл байгаа бол Ганбат хэл л дээ. Хэлэхгүй л яваад байгаа. Сая л би сонсож байна. Тийм зүйлүүд байгаа бол , тийм даварчихсан юм байж болохгүй. тэр тэгээд л нисээд Энхтүвшин, Баясгалан гээд хэдэн новшнууд л байгаа биз дээ. Тэрийгээ нэмж шалгаад бүр няцлаад наанаасаа хөөж явуулах хэрэгтэй шүү дээ. Юун удирдлагын баг буцаж ирэх вэ" гэжээ.