"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оны 11 дугаар сарын 13-нд "Бодь Интернэшнл" ХХК-тай Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн хүрээнд 15 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг. Ингэхдээ 2020-2024 оныг дуустал тн тутмыг нь 60 ам.доллароор буюу нийт 682 сая ам.долларын төлбөрийг нүүрсээр хийхээр гэрээлсэн байдаг. Тус гэрээнд гурван удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ.
Тодруулбал, эхний өөрлөлтийг гэрээ байгуулснаас сар гаруйн дараа буюу мөн оны 12 дугаар сарын 19-нд хийжээ. Тус өөрчлөлтөөр 2024 онд нийлүүлэх нүүрсний хуваарь, хэмжээг өөрчлөн баталсан ба тухайн онд 136 сая ам.долларын нүүрс нийлүүлэх байсныг 46 сая тонн нүүрс нийлүүлэх болгон өөрчилсөн юм.
Харин хоёр дахь өөрчлөлтийг 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хийжээ. Эл өөрчлөлтөөр Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д тусгагдсан нэмэлт ажилтай холбогдуулан 214 сая ам.доллар нэмж шаардлагатай болсон гэдгийг оруулжээ. Тодруулбал, нэмэлт ажилд анх 1 тэрбум 68 сая ам.доллар шаардлагатай байсанд тодотгол оруулж 214 сая ам.доллароор нэмэгдүүлж 1 тэрбум 282 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулахаар тусгажээ. Ингэснээр гэрээний нийт дүнгээр анх 682 сая ам.долларын төлбөрийг нүүрсээр хийхээр байсан бол энэхүү дүн нь 896 сая ам.доллар болж өссөн.

Гурав дахь өөрчлөлтийг 2020 оны есдүгээр сарын 2-нд хийжээ. Эл өөрчлөлтөөр нүүрсний үнэ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, анх тн тутмыг нь 60.0 ам.доллар байсан бол тус өөрчлөлтөөр 60.57 ам.доллар байхаар бүхэлд өөрчлөлт оруулсан байдаг.