УИХ-ын чуулган үргэлжилж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Манай АН арчаагүй байсны хүчинд МАН хэт олонх болж, одоо зовлонгоо өөрсдөө үүрч байна. Хууль тогтоох байгууллага, Засаглалыг өөртөө авч байгаа. Хууль тогтоох байгууллага олонх болчихсон, Гүйцэтгэх засаглал 100 хувь, Шүүх засаглалыг өөртөө авах хуулийг хийгээд явж байгаа. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэлийг тэр чигээр нь дуугүй болгосон. Одоо ХЗДХ-ийн сайд нь иргэдийг дуугүй болгох гээд хуулийн төсөл боловсруулаад явж байна. Бүх түвшинд нь амыг нь хаах хууль хийж байна. Өнөөдөр хэлэлцэж байгаа хуульд Нутгийн өөрөө удирдах эрхийг уландаа гишгэсэн хэд хэдэн заалт явж байна. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг санал болгоно, шалтгаангүй буцаана, дахиж нэр дэвших эсэхийг нь шийднэ гэх зэрэг нутгийн өөрөө удирдах эрхийг булаасан олон заалт байна. Бүх шатны томилгоог дээрээс нь хийдэг босоо тогтолцоотой, социализмын хэлбэр рүү орж байна. Тиймээс АН өөдтэй байх ёстой байна. Бүх шатандаа тэмцэх шаардлага тулгарч байна. Бид нар бол олонх болно оо” хэмээн хэллээ.