Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүн, мал, техник гурвын уялдаа хадлангийн ажил ӨРНӨСӨӨР

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 16 секунд

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум

Өглөөний сэрүүн салхи хацар илбэж, ургах нарыг угтан талд хөдөлгөөн эхэлжээ. Хөдөөгийн үнэртэй намуухан агаарт өвсний анхилуун хамар цоргино. Уудам талын шаргалтсан өвсийг жигдлэн хадах улаан тракторын дуу нам гүмийг эвдэн шороо манарган хурдална. Хүн, мал, техник гурвын уялдаа энд намрын том шалгалт болох хадлангийн ажлыг өрнүүлсээр.

“Бүдүүний өвөр” хэмээн нутгийнхны нэрлэж заншсан хангай газарт цэнхэр, цагаан хоёр портер хүлээн зогсоно. Тракторын араас шахагдан боосон престэй өвс унаж ачихад бэлэн болоход жолооч нарын нэг инээмсэглэн,

“За өнөөдөртөө гялс ачаад дуусгачих юм биш үү, маргааш арай амар болох байх” хэмээн хошигноно.

Харин жолоон дээр сууж байсан ахмад малчин Д.Жамъян гуай хуучлан, “Манай үед гар хадуур, морин тэргээр хадлан хийдэг байлаа. Өглөөгүүр эртлэн босоод, эрчүүдийнх нь хадуурын дуу талын салхинд шуугдаж, хүүхнүүд нь бухлаа хийж, хүүхдүүд хүртэл жижигхэн саглагар боодол үүрээд гүйлддэгсэн. Айлууд нийлээд тусалж, уртын дуугаа хамтдаа аялсаар ажлаа хийдэг байсан. Тэр үед хадлан гэдэг нь зөвхөн өвс тэжээл бус, хүний сэтгэлийг уужиртал нэгтгэж, хүн болгонд эрч хүч өгдөг ажил байлаа. Өнөөгийн техник гарснаар ажил амар болсон ч тэр хамтын уур амьсгал, эв найрамдлын үнэ цэнэ мартагдаж байх шиг байна. Хадлан бол өвөлдөө малыг амьд байлгах ганц баталгаа. Өвсгүй өвөл бол айлгүй айлтай адил” гэж ярилаа.

Харин одоо цагт бол дүр зураг өөрчлөгджээ. Улаан, цагаан өнгийн хуучин трактор хэдий олон жилийг туулсан ч өнөөдөр ч малчдын амьдралыг хөнгөвчилсөөр байна. Богино хугацаанд өргөн талбайг хамарч, хадаж, хамж, боож, хашаанд нь өвсийг хүргэх боломж олгож буй нь малчдын хүч хөдөлмөрийг үлэмж хэмжээгээр хэмнэж байгаа нь илхэн.

Залуу малчин Б.Саранцогт, “Энэ жил өвс үнэхээр тачирхан ургалаа. Манай талбайд өнгөрсөн жил өвс гайгүй ургасан, харин энэ жил бороо бага орсон болохоор бараг нодлингоосоо муу өвс татаж байна. Бидний амьдралд энэ чинь шууд нөлөөлнө. Өвсөө бага татвал өвөлдөө малаа тэжээх боломжгүй болдог. Хадлан ховордохоор зах зээл дээрх өвсний үнэ асар хурдан өснө. Хотын айлууд ч тэжээл авдаг болсон болохоор бидэнтэй зэрэгцээд хэрэгцээ нэмэгддэг. Зарим үед үнэндээ бухимддаг л даа, гэхдээ малаа бодохоор аргагүй тэвчиж, хичээхээс өөр сонголт байдаггүй. Хадлангаа авч чадвал өвөл сэтгэл амар сууна, авч чадахгүй бол өдөр бүр санаа зовж өнгөрдөг” гэв.

Энэ жил Сэлэнгэ нутгаар ургац тааруу байсан гэдгийг нутгийн иргэд онцолж байна. Сумын удирдлагын мэдээлснээр, бороо харьцангуй бага орсноос зарим газарт өвс ургамал арвин байсан ч зарим талбай гандаж, шаргалтаж, ургац тааруу байжээ.

Мөн өвөл өвсний үнэ хөдөөгийн малчны хашаанаас давж, хот суурин газрын амьдралд ч нөлөөлдөг. Өвс ховордсон үед нэг боодол өвсний үнэ хот, хөдөөгийн зах дээр огцом өсч, малчид төдийгүй жижиг ферм эрхлэгчид, малтай айлуудад дарамт болдог.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлээд Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон" гэв.

Энэ бүхэн зөвхөн малчдын асуудал биш, улсын бодлогын түвшинд анхаарах шаардлагатай ажил гэдэг нь харагдаж байна.

Намрын хадлан бол монголчуудын амьдралын зүгээр нэг ажил биш, уламжлал, эв нэгдлийн илэрхийлэл. Өвсөө бэлтгэсэн айл өвлийг өнтэй давж чадна.

Өвсний боодол бүрд хүний хөлс, хамтын хүч, ирээдүйн итгэл шингэсэн байдаг. Монгол талын шаргал намар ингэж л монголчуудын амьдралын амьсгал болон үргэлжилсээр байна.

Э.АРИУНТӨГС

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-д очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-д очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.