НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж “Ковид 19” цар тахлын үед ажиллах зөвлөмж боловсруулах, НИТХ-ын ээлжит III хуралдаан зарлах, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Г.Гангамөрөн “Ковид-19” цар тахлаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан халдварын хүрээг зогсоох, үүсэж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн бодлогын бичиг баримт танилцууллаа.
Ажлын хэсгээс нийслэл хот цар тахлын үед орон нутгийн онцлогт тохирсон бодлоготой байх, хамтын ажиллагааны бодлоготой байх ёстой дүгнэв.
НОК хариуцлагаа хуваалцан, нийслэлийг бүсчлэн хувааж, халдварын эрсдэлээр нь ангилах, бүс бүрт бодлогын бичиг баримт гаргах шаардлагатай. Ингэснээр халдвараас сэргийлэх, халдвар тархсан тохиолдолд богино хугацаанд хумьж чадах аж.
Бүх нийтийг хамарсан цар тахлын аюулыг давахад төр, аж ахуй нэгж байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллаж, хариуцлагаа өндөржүүлэн, “хариуцлага хүлээлгэх, хүлээх” журмыг батлах шаардлагатай гэж үзэв.
Нийслэлийн иргэдийн 70 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Иймд өөрийгөө оношлох, GPS апп нэвтрүүлэх нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих ач холбогдолтойг ажлын хэсгийн ахлагч Г.Гангамөрөн хэллээ.
Ажлын хэсгээс гаргасан бодлогын баримт бичгийг энэ сарын 30-нд болох НИТХ-ын ээлжит III дугаар хуралдаанаар хэлэлцэх юм.
Түүнчлэн, цахим хурлаар орон нутгийн ээлжит сонгуультай холбоотой зарим төлөөлөгч ажлаа хүлээлгэн өгсөн учир 22 байгууллагын ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг томилжээ.