Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намын дарга руу биш намрын чуулганы эхэнд ЗАСАГ УНАГАХААР хөдлөх нь илүү “амьдралтай“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 24 секунд
UBN.MN

Намрын чуулган эхлээгүй байхад ингэж бужигнаж байгаа МАН-ын улс төр ирэх долоо хоногоос халах биш бүр “буцлах” зам руугаа гарчихлаа. Намын даргын өрсөлдөөнд орж магадгүй байгаа УИХ-ын даргын ойрын хүн Ц.Чулуунзагдыг 48 цаг “далд” хийчихлээ.

Одоо байдал хүндэрнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын талынхан атгасан олсоо чангална уу л гэхээс суллахгүй. Тэгвэл Ардын намын “томчуудын зодоон” энэ хүртлээ чангарсан үндсэн шалтгаан мэдээж намын даргын асуудал. Ерөнхий сайдын суудлыг хавар авсан Г.Занданшатар намын даргаа авах гэсэн боловч Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан талынхан дургүйцлээ илэрхийлсэн. Ингээд “зодоон” томорчихлоо.

УИХ-ын даргад байгаа хамгийн хүчтэй давуу тал бол УИХ-ын гишүүдээс нь гадна намын “хөл”. МАН-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд генсек хийсэн тэрбээр найман жилийн турш цагаан ордонд юу эсийг хийх билээ. Бага хурал, Их хурлынхаа гишүүдийн багагүй хувьд өөрийнхөө хүмүүсийг шингээсэн. Энэ л түүний хамгийн том давуу тал юм. Дээр нь Л.Оюун-Эрдэнэ болон бусад хүмүүсийн нөлөө нэмэгдэнэ.

Ингээд Бага хурал, Их хурал дээр Д.Амарбаясгалан голлоод ирвэл байдал эвгүйтэх эрсдэлтэй. Хэрвээ Г.Занданшатар намын даргад өрсөлдөөд ялагдчихвал Ерөнхий сайдаасаа ч явах аюултай улстөртэй тулгарна. Тиймээс хэрүүл, тэмцэл нь нэг талдаа гараагүй байхдаа намын хурлуудаа яаран сандрах хийх нь эрсдэлтэй.

Харин үүнтэй зэрэгцэж өөр нэг улс төр ирэх намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж өрнөж магадгүй талаар улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Энэ бол Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулах асуудал. Мэдээж шалтгаан олдохгүй ч шалтаг олох хэрэгтэй. Тэр нь юу ч байх боломжтой.

Эрүүл логикоор асуудлыг харвал хэрвээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын “хайрцаг”-ыг нам дээр ялахгүй байгаа юм бол парламент дотор яагаад улс төр хийж болохгүй гэж. “Хусмандаа гомдсон” ИЗНН-ынхан хэзээ ч хамаагүй засгаас үсэрч гарахад бэлэн суугаа. Дээр нь “итгэхгүй байна” гээд засагт орохоос татгалзсан Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл” мэдээж ЗГ-ыг унагахыг багаараа дэмжинэ. Хамгийн нэгдэл цул хүч гэж байсан ХҮН хүртэл засаг унагах асуудлын үеэр бужигнаад амжсан. Засаг унагах акцыг алгаа хавсраад дэмжих хүмүүс бол АН-ынхан. Шинэ даргатай болсон АН-ынханд эрх баригчдын бүтэлгүйтэл, ЗГ-ын уналт нь олон байх тусмаа ирэх хоёр том сонгуульд хэрэгтэй. Хэрвээ одоо засаг ямар нэг байдлаар хөдөлгөөнд орвол үгийн солиогүй АН-д хадаг тавина. Тиймээс “засаг унагах тоглоом” АН-д аль ч утгаараа хожоотой улс төр.

Ингээд ЗГ, Ерөнхий сайд хөдөлгөөнд орвол дараагийн Ерөнхий сайдад өөрсдийн хүнээ оруулах замаар намаа ч, засгаа ч авах магадлалтай юм.

Энэ бол байж болох, хийгдэж магадгүй хувилбар. Хэрвээ ийм төрлийн асуудал явлаа гэхэд талууд маш их хүч гаргаж үзэлцэнэ. “Шарх сорви” нь дийлдэхгүй аймар юм болно. Гэхдээ л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хүчийг эрх мэдэл дээр цул болоод нэгдчихсэн нам дээрээ задлаж байснаас зүсэн зүйлийн хүсэл сонирхолтой парламент дээр хагалах гээд үзвэл арай дээр хувилбар байх нь гарцаагүй.

Сая өнгөрсөн хавар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудал УИХ дээр орж ирэхэд Ерөнхийлөгчийн тал ялагдах аюултай тулгарсан учраас АН-ыг тоглоомоос гаргаж, өөрөө орж ирж загнаж зандарч байж арай гэж унагасан шүү гэдгийг санах нь зүйтэй.

Б.Баатар: Лондонд 40 мянган үзэгчдэд анх удаа улсаа сурталчилсан болохоос улсаа зараад гадагшаа зугтдаг зарим Ерөнхийлөгч Ерөнхий сайд шиг биш
Б.Баатар: Лондонд 40 мянган үзэгчдэд анх удаа улсаа сурталчилсан болохоос улсаа зараад гадагшаа зугтдаг зарим Ерөнхийлөгч Ерөнхий сайд шиг биш
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.