Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Ерөнхий сайдуудын хувь заяаг шийддэг НҮҮРСНИЙ ЭКСПОРТ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 47 секунд

Ирэх Даваа гарагт УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Чуулган эхэлсэн даруйд гишүүд Засгийн газраас өргөн бариад буй ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, "шүүсийг нь шахах" ажилд шамдана. Тэр тусмаа Ерөнхий сайдаар томилогдоод хоёр сар гаруйн нүүрийг үзэж буй Г.Занданшатарын УИХ-д өргөн барьж буй анхны төсөв гэдэг утгаараа улс төрийн ямар "шуурга" дундуур явахыг бид таашгүй. Учир нь энэ удаагийн төсөлд хэд хэдэн анхаарал хандуулах төлөвлөгөө бий. Тухайлбал, нүүрсний экспорт. Засгийн газар ирэх жил 90 сая тонн нүүрс экспортлохоор тусгаад буй юм. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр экспортын төлөвлөгөө мөнөөсөө мөн.

Тэгвэл 2015 оноос хойшхи Ерөнхий сайд нар томилогдсоныхоо дараа өргөн барьсан АНХНЫ төсөвтөө нүүрсний экспортыг хэрхэн төсөөлж байв. Тухайн төлөвлөгөөгөө хэр гүйцэтгэж байв. Энэ хоёр асуултын хариултыг дараах графикаас харцгаая.

Дээрх графикаас харахад, 2015, 2017, 2018 онд төсөвт тусгагдсан төлөвлөгөөгөө тухайн ондоо давуулан биелүүлж байжээ. Харин 2021 онд цар тахлын улмаас төсвийн биелэлт хангалттай биелээгүй байдаг. Цар тахлын дараах он жилүүдэд эдийн засаг аажим сэргэсэн. Гэвч гадаад зах зээл дэх эрсдлийг тооцоолон манай улс 2022 оны төсөвтөө тодотгол хийж, нүүрсний экспортын хэмжээг 36.7 сая тонноос 18 сая тонн болгож бууруулж байсан юм. Харин тухайн онд Монгол Улс өмнө хүрч байгаагүй буюу 12.5 тэрбум ам.долларын экспорт хийж чадсан юм. Үүнд тухайн онд хийж чадсан 31.8 сая тонн нүүрсний экспорт голлох үүргийг гүйцэтгэсэн нь үнэн.

-Ирэх жил хамгийн багадаа л 90 сая тонн нүүрс экспортолно. Энэ байтугай боломж бидэнд байгаа-

Ирэх оны нүүрсний экспортын хэмжээг яагаад ингэж төлөвлөсөн талаар Сангийн сайд Б.Жавхлан ийнхүү тайлбарласан байдаг. Тэрбээр "2026 онд 90 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Манай улсын хилийн боомтуудын нэвтрэн өнгөрүүлэх чадвар болон БНХАУ-ын зах зээлийн эрэлт хэрэгцээг харьцуулбал энэ байтугай боломж бидэнд байгаа. БНХАУ-ын нүүрсний жилийн хэрэгцээ дор хаяж 5 тэрбум тонн. Үүний 100 саяыг нь бид нийлүүлэхгүй явж байна гэдэг өөрөө маш бага хэмжээ юм. Үнийг зах зээлийн хамгийн бага үнээр буюу 70 ам.доллароор тооцсон. Энэ жил 85 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Одоогийн гүйцэтгэлийг харахад энэ хангалттай биелэхээр байгаа. Энэ жилийн гүйцэтгэлтэйгээ харьцуулахад 90 сая тонн гэдэг тийм ч их биш. Иймд ирэх жил хамгийн багадаа л 90 сая тонныг экспортолно гэж ойлгох хэрэгтэй" гэв.

-Н.ЭНХБАЯР: Бидний цаасан дээр амласан мөрөөдөл асар хол байна. Магадгүй 80, 90 сая тоннд хүрэх хүчин чадал маань 2028 онд л бий болох нь-

Харин эдийн засагчдын зүгээс энэ чиглэлд мэргэжлийн эксперт, судлаачдын үгийг "сонсох" хэрэгтэйг сануулсаар ирсэн. Тухайлбал, 2025 оны төсөв батлагдахаас өмнө буюу 2024 онд эдийн засагч Н.Энхбаяр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Нүүрсний экспортын биет хэмжээнд мэргэжлийн байгууллагаас судалгаа яаж ч хийсэн Засгийн газарт хүлээж авах сонирхол төдийлөн байдаггүй юм шиг байгаа юм. Учир нь төсвийн орлогоо тооцож байгаа нь Сангийн яам учраас. Тэд бол экспортын хэмжээг нэмэгдүүлнэ, орлогоо төлөвлөсөндөө хүргэнэ л гэдэг" хэмээн ярьж байсан бол 2025 оны наймдугаар сард буюу төсөв боловсруулагдаж байх үед өгсөн ярилцлагадаа "Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн бүс нутгаар явж танилцлаа. Энэ үеэр асуудлууд байгаа нь харагдаж байна. Сайд нар нүүрсний экспортыг 83, 90 сая тоннд хүргэнэ гэдэг ч хөрсөн дээрээ тээвэрлэх хүчин чадал алга. Тээвэр ложистикийн маш том алдаатай байна. Яагаад нүүрсний экспортыг 83-90 сая тоннд хүргэнэ гэж амлав гэхээр авто тээврээс гадна төмөр зам руу маш шуурхай тээвэрлэдэг байгууламж барьж ашиглалтад оруулна гэж тооцсон. Харин өнөөдөр Тавантолгойн нүүрс ачих байгууламж, ложистикийн төв нь ашиглах боломжгүй байна. Алдаатай, доголдолтой, хүлээж аваагүй.

Үндсэндээ буталсан нүүрс ачна гэж тооцоод туузан дамжуулахтай байгууламж барьтал бодит байдал дээр нүүрсээ буталж чадаагүй. Нүүрс бутлах тээрэмгүй учраас цул нүүрс нь туузан дамжуурга дээр очиж эвдээд нүүрс ачих байгууламжийг ашиглах боломжгүй тул хүлээж аваагүй байна. Тэгэхээр нүүрсний экспорт 80, 90 сая тоннд хүрнэ гэдэг нь худлаа. Хөрсөн дээрээ бодит ажлаа хийж чадахгүй байна. Ложистикийн сүлжээ бэлэн болоогүй.

Хил дамжсан нүүрсний төмөр замын холболтын ажил маань дөнгөж одоо эхэлж байна. Дахиад хоёр жил хагас барьж 2028 оны зун бид Тавантолгой уурхайгаас хоёр, гурван жилийн өмнө ярьсан нүүрс хилийн цаана гарах ажил маань эхэлнэ.

Өчнөөн жил тээвэр ложистикоо шийдэж чадаагүй мөртлөө бодит байдлаасаа тасарцан мөрөөдөлтэй л явж ирлээ шүү дээ.

Магадгүй 80, 90 сая тоннд хүрэх хүчин чадал маань 2028 онд л бий болох нь. Энэ хугацаанд тээвэр ложистик дээрх алдаануудаа засна. Хил дамнасан төмөр замаа холбоно. Зүгшрүүлнэ. Тиймээс 2028 онд л нүүрсний биет хэмжээний мөрөөдөлд хүрэх юм шиг байна.

Энэ хугацаанд одоогийн амлалтаа биелүүлэх нь маш хэцүү болно. Хятадын талын эрэлт буурч байгаа нөхцөлд нүүрсний үнэ 2025 онд өсөхгүй нь тодорхой. 2026 онд магадгүй хэрэв Хятадын эдийн засгийн өсөлтийн арга хэмжээ нь сайжрахгүй бол тонн тутмын нүүрсний үнэ 60-70 ам.долларт хэвээрээ байх нь. Тэгэхээр ирэх оны төсвийн төлөвлөлтөө бид маш болгоомжтой хэт өөдрөг биш ухаалгаар боловсруулахгүй бол өнөөдөр бидний бодсоноос ч илүү төсвийн алдагдал гарах магадлалтай. Бидний цаасан дээр амласан мөрөөдөл асар хол байна. Бодит байдал дээр хилийн боомт дээр Тавантолгойн нөхцөл байдал хамаагүй тааруу, ийм л байна" хэмээн ярьж байжээ.

Т.Сүхболд: Долоо хоногт хар тамхитай холбоотой 7-11 гэмт хэрэг илрүүлж байна
Т.Сүхболд: Долоо хоногт хар тамхитай холбоотой 7-11 гэмт хэрэг илрүүлж байна
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.