Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​​​​​​​У.Лаура: Цагаан идээний кафегаа нээгээд хоёр хонож байна. Өрөм, боорцог, стүжин болон тараг, аарц, ээзгий, ээдмээр хийсэн дессертүүд маань маш их эрэлттэй байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 15 секунд

Ядарсан үедээ ороод сүүтэй цай ууж, өрөм, боорцгоо идэх боломжтой ЦАГААН ИДЭЭНИЙ КАФЕ-тай болох мөрөөдлөө биелүүлж, эмээгийнхээ нэрээр нэрлэсэн фото модель У.Лаураг UBN сайт онцолж байна. Арвайн гурилан амттан, тараг, аарц, ээзгий, ээдмээр хийсэн дессерт, стүжин, хайлмаг гээд хотын бидний өдөр тутамдаа идэж чаддаггүй ховор амтыг монгол ахуйгаар тохижуулсан орчинд тухалж суугаад амтлах боломжийг У.ЛАУРА бий болгож, GERLUG хотхонд "Удвал эмээгийн уламжлалт хүнс" кафегаа нээжээ. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Урангоогийн Лаура гэдэг. Хуульч мэргэжилтэй. "Удвал эмээгийн уламжлалт хүнс" кафег үүсгэн байгуулагч.

-Цагаан идээний кафе ажиллуулах шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Яагаад?

-Өрөм, боорцог, цагаан идээ гээд уламжлалт хүнсээ идэж, хийцтэй сүүтэй цайгаа уугаад суух боломжтой кафе нээх юмсан гэж боддог байсан. Тэр бодлоо ажил хэрэг болгох шийдвэрийг дөрвөн сарын өмнө гаргаж, ажил хэрэг болгоод хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн. Миний хувьд өөрөө хөдөө эмээ дээрээ өссөн учраас хүүхдээ уламжлалт хоол хүнс, цагаан идээтэй ойрхон байлгахыг хүсдэг. Гэхдээ ээзгий, ээдэм, тараг өгөхөөр төдийлөн сонирхдоггүй. Миний хүссэн шиг дурлаж иддэггүй байсан. Тиймээс иддэг амттан шиг нь хэлбэрт оруулаад илүү гоё хэлбэрт оруулчихвал идэх болов уу гэж их боддог байсан. Тэр бодол минь бас нөлөөлсөн. Одоо бол миний хүү манай кафед гардаг арвайн гурилан амттан, тараг, аарц, ээзгий, ээдмээр хийсэн дессерт зэрэгт дурлаад бүр нэхэж иддэг болсон.

-Нэрний тухайд?

-Манай эмээг Удвал гэдэг. Намайг цагаан идээнд дурлаж, илүү олон хүнд хүргэхийг хүсдэг болгосон хүн бол миний эмээ. Тиймээс эмээгийнхээ нэрээр кафегаа нэрлэсэн. Бас логогоо эмээгийнхээ зургаар гаргасан. Нээлтийн өдөр эмээ минь ирээд өөрийнхөө зургийг харж, нэрээ уншаад маш их баярлаж байсан.

-Хүмүүс яаж хүлээж авч байна. Үйлчлүүлэгчид нь ямар сэтгэгдлийг хамгийн ихээр хэлж байна?

-Манайх нээлтээ хийгээд 3 хонож байна. 2 хоног бүтэн ажиллахад өглөө татсан бүтээгдэхүүнүүд өдөртөө дуусч байгаа. "Орж ирсэн хүмүүс ямар гоё юм бэ. Яасан гоё тохижуулаа вэ. Яг л гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрж, ямар гоё амттай юм бэ" гэх үгсийг хэлдэг. Миний хувь маш их урам авч байгаа. Хотхоны оршин суугчид гэртээ орж иднэ, хүүхдүүддээ өгнө гээд аваад явдаг. Түүнээс гадна цахим орчноос мэдээлэл аваад зориод ирж байгаа үйлчлүүлэгч олон бий. Миний анхны төсөөлөл хүлээлтээс хол давсан. Энэ төрлийн үйлчилгээ хэрэгцээтэй байсан юм байна. Би хүмүүст сүү, цагаан идээ, уламжлалт хүнсийг нь ойртуулсан зөв ажлыг эхлүүлсэн байна гэж бодоод баяртай байгаа.

-Бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ?

-Маш их судалгаа хийсний үр дүнд цагаан идээг хамгийн гоё, хамгийн амттай боловсруулдаг хүмүүсийг олж тэдгээр хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тогооны өрөм гэхэд Сүхбаатар аймгаас өдөр бүр шинээрээ ирдэг.

-Хамгийн их эрэлттэй байгаа бүтээгдэхүүн юу байна вэ?

-Өрөм, боорцог, тараг, стүжин. Нэг ах бүр нэг өдөр 3 удаа орж ирж өрөм, боорцог авсан.

-Таныг фото модель гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Моделиор ажиллаж байгаа юу?

-Сүүлийн хоё жил хийгээгүй. Өөрийн хувийн бизнестээ илүү их анхаарал хандуулж байгаа. Тэр маань надад илүү кайфтай байгаа. Мэдээж моделийн ажил маш гоё. Миний залуу насыг маш гоё дурсамжтай байлгасан гоё ажил. Гэхдээ хүүхэд маань сургуульд ороод, өөрийнхөө эхлүүлсэн бизнесүүдэд илүү их анхаарал хандуулах шаардлагатай байгаа учраас хийхээ больсон. Одоо өөрийнхээ бизнесүүдийн нүүр царай болоод л ажиллаж байна даа.

-Цаашдын зорилгоо яаж харж байна вэ. Шинэ салбарууд нээх төлөвлөгөө бий юу?

-Мэдээж байгаа. Хоёр дахь салбарынхаа дотоод заслын ажлыг эхлүүлчихсэн байгаа. Энэ ондоо багтаж хотын төвд 5 салбар нээх төлөвлөгөөтэй байгаа.

СУРВАЛЖИЛГА: Тохиромжгүй байршлаас болж, худалдан авагчдаа “алдсан“ гэх Алтан намар үзэсгэлэнд төмс, луувангийн үнэ өнгөрсөн жилээс 500-1500 төгрөгөөр нэмэгджээ
СУРВАЛЖИЛГА: Тохиромжгүй байршлаас болж, худалдан авагчдаа “алдсан“ гэх Алтан намар үзэсгэлэнд төмс, луувангийн үнэ өнгөрсөн жилээс 500-1500 төгрөгөөр нэмэгджээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.