
Монгол Улсын Их Хурал “Тамхины хяналтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан эрдэмтэд, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл хамтран тамхины хэрэглээний өнөөгийн нөхцөл байдал, хор уршиг, ирээдүйн шийдлийн талаар хэлэлцүүлгийг өнгөрөгч наймдугаар сарын 29-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэг “Тамхи, тамхин бүтээгдэхүүн: Тулгамдсан асуудал, шийдэл” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор О.Оюун-Эрдэнэ Монгол Улсад насанд хүрэгчдийн 21.6 хувь өдөр бүр тамхи татдаг бөгөөд хэрэглэсэн хугацаа дунджаар 25 жил давсныг онцлов. Тэрбээр “Тамхи таталт бол зөвхөн хувь хүний сонголт биш, улс орны ирээдүйд хор нөлөө үзүүлдэг нийгмийн асуудал” гэж хэлэв. Судалгаагаар өсвөр насныхны гуравны нэг нь гэртээ дам тамхидалтад өртөж, дотоод орчны агаар дахь СО-ын агууламж хэвийн хэмжээнээс давж, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байгааг онцоллоо.

Мөн Олон улсын доктор Н.Наранжаргал хүүхэд, залуусын дунд электрон болон халааж хэрэглэдэг тамхины хэрэглээ өсөж байгааг тэмдэглэж, “Сургууль орчмын дэлгүүрүүдэд хяналт сул байгаагаас тамхи хүүхдүүдэд илүү хялбар очиж байна. Энэ нь маргаашийн Монголын ирээдүйд шууд заналхийлж байна” гэж анхаарууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид тамхины хайрцаг дээрх зурган сэрэмжлүүлэг үр дүнтэй байгааг тэмдэглэж, 88 хувь нь сэрэмжлүүлгийг харсан бөгөөд тэдний талаас илүү нь тамхинаас гарах талаар бодож үзсэн гэжээ. Гэсэн ч сургууль орчмын худалдаа, хяналтын сул байдал нь өсвөр үеийг хамгаалахад саад болж байна.
-Тамхины эсрэг хууль бол зөвхөн нэг хэсгийн асуудал биш, бүх нийтийн ирээдүйг хамгаалах зорилт-

Эрдэмтдийн мэдээлснээр тамхи дэлхий даяар зүрх судасны өвчлөл, хавдар, нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байсаар байна. Монголд жил бүр мянга мянган хүний амь нас тамхины хор уршгаар эрсдэлд орж байна.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид дараах шийдлийг санал болголоо.
•Тамхины татварыг нэмэгдүүлэх
•Хүүхэд, өсвөр үеийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх
•Сургууль орчмын худалдааг бүрэн хаах, хяналт шалгалтыг чангатгах
•Тамхинаас гарах хөтөлбөр, сэрэмжлүүлгийн ажлыг эрчимжүүлэх
Эцэст нь оролцогчид “Тамхины эсрэг хууль бол зөвхөн нэг хэсгийн асуудал биш, бүх нийтийн ирээдүйг хамгаалах зорилт” гэдгийг онцолжээ.