Боловсролын зээлийн сангийн зээлийг ирэх жил 37 мэргэжлийн таван мянга орчим оюутанд олгохоор болжээ. Улс орны хөдөлмөрийн зах зээлд тэргүүлэх чиглэл гэж үзсэн энэ жагсаалтад малын эмчээс бага ангийн багш хүртэл мэргэжлүүд хамарна. Товчхондоо ард түмний хүүхэд малын эмчээр сурахгүй бол төрөөс “харж үзэхгүй” гэж байгаа хэрэг. Харин даргын хүүхэд гадаадын сургуульд хэдэн зуун саяар тэтгэлэг авч сурна. Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр охиныхоо төлбөр болох 102 сая төгрөгийг төлсөнд нийгэм тэр чигээрээ бухимдсан. Гэтэл энэ үйлдэлд хариуцлага тооцохгүй гэдгээ төр засаг мэдэгдлээ. Ард нийтээрээ ч хүлээн зөвшөөрлөө.
Хэдхэн өдрийн өмнө нийтээрээ жигшин зэвүүцэж байсан хүн гэнэт аврагч боллоо. Үйлдвэрийн 650 тэрбум төгрөгийн давсан орлогоор айлуудын цахилгааны төлбөрийг барагдуулахаар болж Х.Бадамсүрэн ардын баатар болж тодров. Браво. Таны цахилгаан дулааны мөнгийг төлж байхад одоо түүнрүү битгий дайрч давшлаарай.
Шударга ёс бол маргаангүй төгс тогтдоггүй, хүчтэй мэдрэмжтэй нийгмийн ачаар үргэлж эрмэлзэж тэмүүлж явдаг хэм хэмжүүр билээ. Манай нийгмийн тийм хэмжүүрийг бид долоон сарын цахилгааны мөнгөөр үнэллээ. Ард нийтээрээ талархлын постоор уралдаад л бялуу байсан бол задалж, шампанск байсан бол буудуулах нь бараг.
Төлөөсгүй зүйл гэж үгүй. Жирийн албан хаагч 10 жил хөдөлмөрлөөд олохгүй мөнгөөр улсын үйлдвэрийн дарга хүүхдээ гадаадад сургаж, хотын төвд нэг өрөө байр авах мөнгөөр массажны сандал худалдан авч байна. “Шударга бус байна”, “тэгш боломж алга” гэж хүмүүс бухимдах хэрнээ зоогийн өрөөнд нь ороод жаахан шөл амсчихаар хөлс нь цуваад долдойно. Нийтээрээ бэртэгчин, бэлэнчлэх сэтгэлгээтэй, тэрэнд нь тааруулж элдэв хувь хишиг нэрээр авлигаддаг төр засагтай ийм байдлынхаа төлөөсийг бид заавал төлдөг. Чадварлаг хуульч болох эгэл айлын хүүгийн ирээдүйг малын эмчээр сольж төлдөг. Шилдэг удирдагч болох охиныхоо ирээдүйг яслийн багшаар сольж төлдөг.
Төлөөсгүй зүйл гэж үгүй. Оюутолгойн уурхай ч эрдэнэтийн адил ард түмний ахуй амьдралд хэрэг болж байх ёстой гэж төр засаг маань тунхаглалаа. Бузрын сав гэж нэрийдэхдээ хүрсэн Оюутолгойн өнөөдрийн байдал бол тэр үеийн бидний нийтээрээ авсан хахуулийн төлөөс билээ. Тодруулж хэлбэл Рио Тинто компани 2009 оны 10-р сард манай Засгийн газрын хүсэлтээр урьдчилгаа төлбөр нэртэй 100 сая ам.доллар зээлдүүлсэн. Тэр мөнгийг нь бид зуу, зуун мянгаар нь задлаад иргэн бүртээ хувь хишиг нэрээр тараасан. Тухайн үед бутархай мөнгөнд баярласан ард түмэн Оюутолгойн гэрээг шагшин магтаж хэдхэн өдрийн дараа болсон орон нутгийн сонгуульд МАН-д ялалт өгч байсан түүх саяханых. Гэтэл өдгөө нийтээрээ рио тинтог үзэн ядагчид болжээ. Нөгөөдүүл нь ч зардлаа нэмээд, татвараас бултана. Зэсийн баяжмал хэдэн тн-ыг олборлоод байгааг мэдэх хүн байхгүй. Бүх гүйлгээ нь Монголын биш гадаадын банкаар дамжина. Манай талын ногдол ашиг авах хугацаа 2031 он хүртэл хойшилсон ба уламжлал ёсоор дахиад ч хойшлох магадлалтай байна. Тэр үед дэмжиж кноп дарсан улс төрчид Оюутолгойг гөвдөг ажилтай болсон. Тэр үед хувь хишгээ авсан иргэд өнөөдөр Оюутолгойн гэрээний шударга бусыг нь гайхаж уурлаж нулимж явна. Харин Рио тинто хүмүүсийн мах ногоог даагаад эхэлбэл эсэргүүцэгчдийн жагсаалтэр дороо фен клубын цугларалт болж мэдэх юм.
Төлөөсгүй зүйл гэж үгүй. Тэр үеийн хувь хишиг нэртэй архины мөнгөөр улсынхаа үүц болох ордоо тавиад туучихсанд төр ганцаараа буруугүй. Улсаараа нийтээрээ паразит байгаагийн төлбөрийг бид ямар нэг байдлаар төлөх л болно.
Таны хүүхэд хаашдаа малын эмч л болно. Энэ бидний бүтээж байгаа зам. Яахав зарим нь гахай маллаж болох л юм.
О.Цагариг