Арав хүрэхгүй хоногийн дараа их, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх гэж байна. Энэ үед оюутан залууст тулгардаг хамгийн том асуудлуудын нэг нь оюутны вэбсайтын гацалт юм. Ихэнх их, дээд сургуулиуд хичээл сонголт, хичээлийн хуваарь, сургалтын төлбөр, дүнгийн тодорхойлолт зэрэг чухал мэдээллийг зөвхөн цахим системээрээ дамжуулан олгодог.
Гэтэл хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө вэбсайт нээгдэж, эхний хэд хоногт нь дийлэнх оюутнууд систем рүү нэвтрэхэд хүндрэлтэй асуудалтай тулгардаг. Энэ нь хичээлээ сонголтоос хоцрох, төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй байх зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг аж.
Энэ асуудлын талаар МУБИС-ийн төгсөх ангийн оюутан П.Баянбилэгтэй хэсэг хугацаанд ярилцахад: “Би боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр суралцдаг. Өнгөрсөн жил вэбсайт гацсаны улмаас Боловсролын зээлийн сангийн тэтгэлэгтээ хамрагдаж чадахгүй, хоцрох нөхцөл байдалд хүрсэн. Мөн тэтгэлэг, төлбөр сургуулийн данс руу орсон ч вэб дээр төлөгдсөн гэж гарч ирэхгүй тохиолдлууд ч байсан. Ингэснээр хичээл сонголтоо хийж чадахгүй удаж, сонголт хийх багш нар цөөрч заримдаа заавал судлах хичээлийн анги нь дүүрч, дараа семистертээ судлах шаардлагатай болж байсан ч үе бий. Сургуулийн удирдлагууд аль болох гацаахгүй байх дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Олон оюутантай манайх шиг сургууль 14-21 хоногийн өмнө хичээл сонголтоо нээгээд зохион байгуулалттай байх хэрэгтэй байх. Нэг өдөрт бөөнөөрөө орохоор систем гацаж байгаа гэж ойлгодог” гэлээ.
Энэ асуудлаар сургуулиудаас албан ёсоор тайлбар хийдэггүй бөгөөд гол учир шалтгаанаа “Системийн серверт нэгэн зэрэг хэдэн мянган хэрэглэгч ханддаг тул ачааллаа дийлэхгүй гацдаг. Бид серверийн хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж байгаа. Нэмэлт сервер суурилуулсан ч ачаалал бүрэн буурсангүй” гэдэг байна.
МУБИС-ийн тухайд, өнөөдрөөс хичээл сонголт, төлбөр төлөлт хийгдэж эхэлж байгаа ажээ. Өнөөдөр эхний ээлжид нэгдүгээр курст элсэж буй оюутнуудад хичээл сонгох эрх нээгдэж байгаа юм байна. Оюутны нэвтрэх дугаараа авч буй элсэгчидтэй ярилцахад "Оюутны вэб нь одоогоор нэвтэрч болохгүй гацсан байна. Яагаад гацаж байгаа талаар сайн мэдэхгүй. Хичээл сонголтоо цахимаар энэ веб рүүгээ орж хийнэ гэсэн. Гацаад байгаа учир одоогоор хичээл сонголтоо хийж чадахгүй л байна" гэдгийг ярьж байлаа.
Оюутны вэб бол зөвхөн хичээл сонгох хэрэгсэл биш, бүхэл бүтэн сургалтын менежмент. Энэ нь боловсролын чанарыг хэмжих нэг үзүүлэлт болж байдаг. Иймээс энэ асуудлыг улирал бүр давтагддаг хэвээр орхих бус, тогтвортой хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа аж.
Иргэн "Хичээл сонголт өнөөдрөөс эхэлж байна. Хавар, намар хичээл эхлэх болгонд хамгийн их гацдаг. Олон оюутнууд ороод ачааллаа даадаггүй байх. Одоо ч гэсэн гацсан л байна. Өглөө зүгээр байсан вэб одоо дүнгийн тодорхойлолт авах гээд орохоор болохгүй байна. Миний хувьд багшийн сургуульд сурдаг. 2,7-гоос дээш голчтой тул 100 хувь тэтгэлэгтэй суралцдаг. Гэсэн ч зарим үед илүү төлөлт гараад, хичээлээ цагийн хуваарьтаа тааруулж хүссэн багшийнхаа хичээлийг сонгох эрх хязгаарлагддаг” гэсэн юм. .
Иргэн “Би одоо төгсөх курст орно. Энэ жил хичээл сонголт курс бүрээрээ ээлжилж байгаа гэсэн. Одоо нэгдүгээр курсээс эхэлж байгаа. Дөрөвдүгээр курс наймдугаар сарын 20-ноос эхэлнэ гэж байсан. Хэдийгээр, сургуулийн вэбсайт шинэчлэгдэж байгаа ч гацах асуудал жил бүр л байдаг. Энэ асуудлаас болоод оюутнууд буруу хичээл сонгодог. Буруу сонгосон бол заавал Сургалтын албандаа хандаж засуулдаг. Ингэхдээ торгууль төлдөг. Анх 30,000 төгрөг төлдөг байсан бол өнгөрсөн жилээс нэг кердитийн үнээр тооцож торгууль авдаг болсон. Өнгөрсөн жил вэб шинэчлэгдээд, арай өөр болсон. Гэхдээ хуучин вэб амар байсан юм шиг санагддаг.
Учир нь арай тодорхой байдаг байсан. Одоо шинэ вэб утсаар нэвтэрч болдоггүй. Заавал компьютероор нэвтэрч байж тодорхой харагддаг. Тодорхой хэмжээнд төлбөр жил болгон өсөж байгаа. Оюутнуудаасаа төлбөр авч байгаа хэрээрээ чанараа сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. Монголд сайн IT олон байдаг. Тэд нараас ажиллуулаад, вэбдээ илүү шинэчлэл хийгээсэй гэж хүсэж байна” гэж байр сууриа илэрхийллээ.
Энэ асуудал нь ирэх жилүүдэд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн ачааллыг зохицуулах шаардлагыг улам тодотгож байна. Мөн оюутны цахим систем нь зөвхөн мэдээллийн эх сурвалж төдийгүй, сургалтын үйл явцын гол тулгуур болохоор, ийм гацалт, саатлыг урьдчилан тооцож бэлтгэх нь зайлшгүй чухал гэдгийг албаныхан сануулдаг байна.
Хичээлийн жил эхлэхийн өмнөх вэбсайтын гацалт нь хэдэн зуун оюутны суралцах төлөвлөгөөг өөрчилж, заримынх нь хичээлийн сонголтод сөргөөр нөлөөлдөг. Мөн оюутнуудын сэтгэлзүй, суралцах идэвхийг бууруулж байгааг ч үл тоох аргагүй билээ.
М.Ариунжаргал