
“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг бусдыг зодсон хэрэгт буруутган 30 хоног цагдан хорьж буй. Мөн уг хэрэгт "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг яллагдагчаар татан эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл уг хэргийн дуулиан намжаагүй байтал цахим орчинд бас нэг баяны хүү бусдыг зодсон гэх мэдээлэл цацагджээ.
Энэ талаар эх сурвалжаас авсан мэдээллээр Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Сандуйгийн хүү А нь зодооны хэрэгт холбогдон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Тодруулбал, хэрэг өнгөрсөн долоодугаар сарын 1-нд болжээ. Тиймээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.