
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөхөөс 07 дугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас өчигдөр зарласан.
Монголын допингийн эсрэг байгууллагын Нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "2 тамирчны шинжилгээнээс ДОПИНГ илэрсэн, 1 тамирчны шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан" хэмээн мэдэгдэхдээ нэг бөх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргал бол нөгөө тамирчинтай холбогдож чадаагүй байгаа тул зарлах боломжгүй гэв.
Харин хариу нь эргэлзээтэй гарсан бөх бол Улсын гарьд Б.Гончигдамба гэв. Түүний шинжилгээний хариуг нягтлахад 3-4 долоо хоног шаардлагатай гэлээ.
Тэгвэл Улсын гарьд Н.Өсөхбаяр цахим хуудастаа “Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна.
Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.
Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low”илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.
Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.
Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.
Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье.
Монгол Улсын гарьд Н. Өсөхбаяр. 2025.07.25” гэжээ.