Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгос оюутнууд Монголд зочлон, нийгмийн сайн сайхны төлөөх ажил зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

БНСУ-ын Кёнсан хотын их сургуулиудаас шалгарсан шилдэг оюутнууд зуны амралтаараа Монгол улсад зочлон, Улаанбаатар хот болон Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нийгэмд тустай ажлууд санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ үйл ажиллагаа нь тус хотын дарга Чой Хён Ил дэмжин явуулж буй “Ирээдүйн ур чадвар 2025 хөгжлийн хөтөлбөр”-ийн нэг хэсэг аж.

Даяаршсан нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чадвартай ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой уг хөтөлбөрийг Солонгос улсын Ённам их сургуулийн Ерөнхийлөгч Чой Вү Чул удирдан, Кёнсан хотын дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулж байна.

Энэ удаагийн үйл ажиллагаанд оролцож буй оюутнуудыг бүсийн арав гаруй их сургуулийн оюутнуудаас сонгон шалгаруулж авсан бөгөөд Монгол улсад ирэхээсээ өмнө нийгмийн ажил, сайн дурын ажил, даяаршсан нийгмийн иргэн зэрэг шаардлагатай бүх сургалтуудад хамруулсан байна.

Эдгээр 21 оюутан энэ сарын 14-өөс эхлэн хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотын зарим дунд сургууль болон хүүхдийн асрамжийн газруудад Солонгосын уламжлалт соёл, урлагийг сонирхуулах, компьютер кодчилол, роботчилолын сургалтуудыг явуулж байгаа аж.

Мөн Монгол Улсын их сургуулийн Солонгос судлалын оюутнуудтай соёл солилцооны ажлын хүрээнд Солонгос хэлний хичээл, К-Поп урлагийн тоглолт зохион байгуулснаас гадна, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт мод тарьж, хог хаягдлын цэвэрлэх зэргээр байгаль орчин, нийгэм, засаглалын үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

Монгол Улсад ирсэн сэтгэгдлээ оюутнууд, “Байгалийн үзэсгэлэн, зочломтгой дулаан сэтгэл нь Монгол Улсыг бидэнд урьд урьдаас ч илүү ойр дотно санагдуулах боллоо. Энд ирсэн явдал бидний ойлголтыг тэлэхээс гадна хувь хүнийхээ хувьд хөгжих боломжийг олгосонд баяртай байна” хэмээн илэрхийлсэн байна.

Харин Кёнсан хотын дарга Чой Хён Ил, “Энэхүү үйл ажиллагаа Кёнсан хотын залуу үеийнхний оюун санааг даяарчлан, ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх боловсролын бодлого хотын маань хөгжлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” гээд цаашид ч олон улсын шинжтэй төрөл бүрийн нийгмийн үйл ажиллагааг дэмжсээр байхаа илэрхийлжээ.

Ённам их сургуулийн ерөнхийлөгч Чой Вү Чул, “Манай оюутнууд гадаад улсад сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноор дэлхийн иргэний чухал чадваруудыг өөртөө хөгжүүлнэ гэж найдаж байна” гээд Монгол Улсад үнэ цэнтэй туршлагыг хуримтлуулан ирэхийг хүссэн байна.

45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.