Ардчилсан хувьсгалын анхны цуглаан 1989 оны энэ өдөр болж байв. Монголын оюутан, залуус ардчилсан хувьсгалын гол хүчин болсон юм. 1989 оны 11 сарын 27-28-нд Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн болж Ц.Элбэгдорж, Д.Сүхбаатар, С.Амарсанаа нар Ардчилсан холбоо байгуулахыг санаачилж, улс төрийн нууц бүлгэмүүд нэгдэж Монголын Ардчилсан Холбоог (МоАХ) байгуулжээ.
Ингэснээр 1989 оны 12 сарын 10-нд Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын соёлын төвийн гадаа анхны цуглаанаа хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг.
1990 оны 2 сарын 18-нд 16 аймаг 3 хотоос 611 төлөөлөгч, 200 зочин цуглаж МоАХ-ны анхдугаар их хурал болж Монголын ардчилсан нам байгуулагдсан ба хурлын ажилллагааг телевиз радиогоор орон даяар шууд дамжуулсан. Хурлаас Сайд нарын зөвлөлийг огцруулж, Ардын их хурлыг тараах шаардлага тавьсан.