Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЭМҮТ: 10 настай охинд шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 54 секунд

Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ч нас барсан харамсалтай хэрэг гарав. Охинд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ цаг алдсаны улмаас нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм. Хүүхэд сумын түргэний машинаар хүргэгдэн Улаанбаатарт ирсэн ч 22-ын товчоон дээр цаг алдсан, эмнэлгийнхэн хүүхдийг ээжээс нь тусгаарласан, эмчилгээ хийгээгүй зэрэг олон асуудал нийгмийн сүлжээнд анхаарал татаж, олны дургүйцлийг төрүүлээд буй.

ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр “Буруу мэдээлэл цацагдаад байна. Тархины харвалт оноштой 10 настай охиныг Улаанбаатарт тээвэрлэхдээ голомттой бүс нутгийг дайрсан. ЭХЭМҮТ-өөс тусгай өрөө гаргаж, шаардлагатай бүхий л эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан учир сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж, шаардлагатай эмчилгээг хийсэн ч амьдарч чадаагүй. Ар гэрийнхэн нь байсан, маш хүнд хүүхэд ирээд эмчлэгдэж байгаад нас бараад хэд хонож байна. Манайх болон гуравдугаар эмнэлгийн мэс заслын тусгай багийнхан охинд эмчилгээ хийсэн ч биеийн байдал нь хүнд байсан учир яаж ч чадаагүй юм” гэсэн тайлбар өгсөн билээ.

Арван настай охинд эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлсэн тухай ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа тайлбар мэдээлэл бичгээр өгснийг хүргэе.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ

1. Арван настай охины эцэг, эхийн мэдээллээс:

Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд:

Арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө гэсэн учир Баянгол (Баруун хараа) сумын түргэн дуудаж үзүүлэхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн. Арваннэгдүгээр сарын 19-нд өглөө босохдоо толгой өвдлөө гэсэн, бөөлжсөн. Түргэн дуудаж Зүүнхараагийн эмнэлэгт хэвтсэн.

2. МЭДЭЭЛЭЛ АВСАН ТУХАЙ

Арваннэгдүгээр сарын 20-ны 17.35 цагт ЭМЯ-ны Шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн Долгорсүрэн утсаар холбогдож "Хүнд хүүхэд 22-ын товчоонд ирээд байна" гэсэн мэдээлэл өгсөн. Гуравдугаар эмнэлэгт ирсэн, эмнэлэг өнөөдөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн. Манайх зохих журмын дагуу тусгаарлаад авъя гэж ярилцаж шийд гаргасан. 17.44 цагт Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул танайх очиж ав гэсэн.

3. ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ

Ажлын бус цаг тул эмч, сувилагчийг яаралтай дуудсан. Эмчтэй утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулсан. Одоогоор хүчилтөрөгч аваагүй, халуураагүй, бөөлжөөгүй гэсэн. Эмч, сувилагч нар яаралтай тусламжийн бэлтгэл хангаад 18.40 цагт ЭХЭМҮТ-өөс хөдөлсөн. Тэднийг Таван шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19.11 цагт хүүхдээ аваад ирсэн. Дуудлагын машинаа замаас буцаасан. Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн. Тархвар судлаач 17:54 минутад ерөнхий захирал 18.34 минутад Яаралтай тусламжийн төвд/ЯТТ/-д ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19.30 цагт орж түргэвчилсэн сорил болон PСR шинжилгээг авч, ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу 21-ний 17.15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19.40-08.10 минутын хооронд мэдээлж байсан.

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компьютер томографийн шинжилгээ хийсэн. Тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон.  Хүүхдийг Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авсан.

Арваннэгдүгээр сарын 21-нээс 23 хүртэл өдөр бүр ээлжийн эмч нар хариуцан 24 цагаар тусламж үзүүлсэн. Мөн 23-ны өдөр давтан PСR шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тул маргааш нь /2020.11.24/ тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч арваннэгдүгээр сарын 23-ны 16.00 цагаас амьсгалын аппаратаар удирдаж эхэлсэн, 25-ны өдөр 13.45 цагт эндсэн. Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:

Лабораторийн бүх шинжилгээ

ЭХО, Компьютер томограф, нүдний уг багажаар шинжлэх,

ЧХХ, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

4. ЭЦЭГ ЭХТЭЙ ХОЛБОГДОЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙСАН ТУХАЙ

Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. 21/XI-ний өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь утсаар холбогдоход хамаатныхаа (нөхрийн эгчийнх) айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20-р сургуульд очиж өгнө гэсэн байна. Гэвч арваннэгдүгээр сарын 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн байна. 22-ны өглөө 10 цагийн үед шинжилгээний хариугаа аваад ЯТТ-т ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан.

5. ЗҮҮНХАРААГИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ

2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өглөө 7:30 минут, 10:38 минутад тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Хүүхдийг зөөвөрлөж огт болохгүй тухай хэлсэн боловч зөөвөрлөсөн. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан.

Мэдээлэл бичсэн ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхлэгч дэд захирал Ц.Алтантуяа

Албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, ашиглавал гурав хүртэлх жил хорино
Албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, ашиглавал гурав хүртэлх жил хорино
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.