-ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХЭЭС ДАВСАН ТУШААЛ, ЗААЛТ БАЙХ ЁСГҮЙ-
Улаанбаатарын иргэн Архангай аймаг руу ажлаар яваад буцаж ирэхдээ буюу энэ сарын 7-ны өдөр 22-ийн товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй харамсалтайгаар нас барсан. Уг хэргийн талаар талийгаачийн ойрын хүн дараах мэдэгдлийг өгөөд байгаа.
Тэрбээр, “Нойр булчирхай нь өвдөөд 6-7 удаа түргэн тусламж дуудсан ч “Амь насанд халтай биш” гээд түргэн ирээгүй. Хөдөө орон нутгаас хүү нь ирэх гэсэн боловч нас барсны гэрчилгээ хэрэгтэй гээд гадуур өдөржин явлаа. Том хүүхэд нь хөдөө байгаа учир тус гэрчилгээг байхгүй тохиолдолд хот руу нэвтрүүлэх боломжгүй гэсэн УОК-ын шийдвэр гарсан юм байна. “Улаанбаатар Буян” компаниас нас барсны гэрчилгээ авах гэсэн боловч шүүх эмнэлгийн 7-р маягт байвал гэрчилгээ гарна гэв. Шүүх эмнэлэгтэй холбогдоход ХӨСҮТ-рүү шидэгдээд шийдэгдэхгүй байна гэсэн хариу өгч байна. Гэтэл ар гэрийнхэн нь Улаанбаатарт ирэх гэж зовж байна. Түргэн тусламж очоогүй, 22-ын товчоонд байсан эмч нар үзлэг огт хийгээгүй, анхны тусламжийн арга хэмжээ аваагүй” гэсэн мэдээлэл өгөөд байгаа бөгөөд ЭМЯ болон УОК-т гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
Нэгэн иргэнээ А13 маягт, PCR шинжилгээний хариу нэхэн гацаасаар цаастай ноцолдсон төрийн албаны тогтолцооны золиос болгов.
Асуудлын мөн чанар юунд байна гэхээр эмч, цагдаа нарын хүнд суртал, хариуцлагагүй бэлэн биш байдалтай холбоотой. Эдгээр асуудлууд цар тахлын дэгдэлттэй, хөл хорионы энэ үед илэрч байна. Монгол улсын үндсэн хуулинд “Монгол хүн амьд явах эрхтэй” гэж заасан байдаг. Мөн цагдаагийн албан хаагчийн тангаргад “төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ” гэсэн бол эмч нар “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа” тангаргалдаг.
Гэтэл тангараг өргөсөн албан хаагчид хүнтэй биш цаастай ажилласны харгайгаар эрдэнэт хүний амь нас харамсалтайгаар хохирч, хоёр хүүхэд өнчирч үлдлээ. Тангаргаас давсан тушаал гэж байх ёсгүй. Шаардлагатай үед албан хаагчид хэнд ч болов тусламж үзүүлэх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн төлөө түр зуур гаргасан журам зөрчиж болох юм. Даргын тушаалыг механикаар ойлгодог, дагаж хэрэгжүүлдэг бөх бат систем бий болсноор энэ төрлийн хэрэг дахиж гарахгүй гэх баталгаа байхгүй байна. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй.
-60 УДААГИЙН ДУУДЛАГЫГ АВААГҮЙ ЭС ҮЙЛДЛИЙН ТӨЛӨӨ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ-
“Эмээлт”-ийн шалган нэвтрүүлэх постон дээр ирсэн иргэнийг хүлээн авсан эмч нь нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн эрүүл мэндийн газар руу холбогдох гэж 60 гаруй удаа утасдсан ч нэг ч хариу өгөөгүй байна. 60 удаагийн дуудлагыг аваагүй эс үйлдлийн төлөө хэн хариуцлага хүлээх вэ. Асуудал гараад хариуцлага хүлээх болохоор нэг нэгэн рүүгээ түлхдэг, хариуцлагаас зугтдаг төрийн албаныхан торгох шийтгэх болохоор бөөн бөөнөөрөө гарч ирдэг нь төрийн байгууллагын хандлага ямар байгааг тодорхойлоод өгнө.
Уг нь Үндсэн хуулиар олгогдсон эрх, цагдаагийн тангаргаас давсан журам гэж байх ёсгүй л баймаар.
Өвчтэй хүн байтугай эрүүл хүн энэ чирэгдэл, хүнд суртал, эргүүтсэн мунхаг дүрэм журмаас нь болоод үхчэх юм биш үү?!
Өвчтэй хүн байтугай эрүүл хүн энэ чирэгдэл, хүнд суртал, эргүүтсэн мунхаг дүрэм журмаас нь болоод үхчэх юм биш үү?! pic.twitter.com/Rluu63XYDJ
— Temuujin Kh (@Temuujin_Kh) December 8, 2020
-Я.СОДБААТАР СОЛИГДООД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ ҮҮ-
Яг энэ ужгирсан тогтолцоотой, болхи хүмүүс төрд ажиллаж байгаа тохиолдолд ийм эмгэнэлтэй явдал нэгээр дуусахгүй. Эмч, цагдаа нар өргөсөн тангарагаа дагаж, хуулиа чандлан биелүүлэх хэрэгтэй. Ямарч даргын тушаал шийдвэр дүрэм журам байлаа гээд хүний амь нас хором мөчөөр хэмжигдэж байгаа эгзэгтэй үед даргын тушаал, заавар журам харалгүй өргөсөн тангарагтаа үнэнч байж зөв үйлдэл хийх хэрэгтэй. Энэ ойлголт соёлыг бүрдүүлэх нь чухал байна.
Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын тогтолцоонд байгаа хүнд суртлаас болоод эрүүл мэнд, амь насаараа хохирсон маш олон тохиолдол бий. Хүндээ ээлтэй эрүүл тогтолцоог уг сууриар нь бий болгохгүй л бол байдал улам хүндэрсээр байх болно. Я.Содбаатар солигдсон ч гэсэн нэгэнт тогтсон хандлага энэ хэвээрээ байвал юу ч өөрчлөгдөхгүй.
Цаастай бус хүнтэй ажилладаг, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалсан эрүүл мэндийн тогтолцоог бий болгох ёстой. Албан үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүст эрх мэдлийг нь олгох зайлшгүй шаардлагатайг болсон үйл явдал баталлаа. Харин албан хаагчдад Эрх мэдлээ хэрэгжүүлснийх нь төлөө хамгаалдаг хуультай байх шаардлагатай.