Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинсүрэн: Алтай таван богдоос Улаанбаатар хот хүртэлх 1900 км замыг 44 хоногт АЛХАЖ ТУУЛЛАА. Эхний өдрөөсөө чоно, баавгайтай таарч хөөж, хөөгдсөн адал явдалтай аялал байлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 42 секунд

Алтай таван богдоос Улаанбаатар хот хүртэлх 1900 км замыг 44 хоног алхаж туулсан Г.Дамдинсүрэнг UBN сайт онцолж байна. Анх хамт алхах санал тавьсан найз нь эрүүл мэндийн шалгааны улмаас замаасаа буцсан ч ганцаараа алхсаар Сүхбаатарын талбайд орж ирэхэд нь бид тосож, цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Гомбожавын Дамдинсүрэн гэдэг. Долоон жилийн өмнөөс ууланд алхаж эхэлсэн.

-Алтай таван богдоос Улаанбаатар хот хүртэл алхах шийдвэрийг анх хэзээ яагаад гаргаж байв?

-Би өөрөө Дорнод нутгийн хүүхэд анх алхаж эхэлснийхээ дараахнаас Улаанбаатар хотоос төрсөн нутаг руугаа алхах юмсан гэдэг мөрөөдлийг тээж эхэлсэн. Одоог хүртэл биелүүлж чадаагүй л яваа. Намайг хол зайд алхах мөрөөдөлтэй гэдгийг мэддэг болохоор манай найз надад Алтай таван богдоос Улаанбаатар хот хүртэл алхах санал тавьсан. Өөрийгөө сорьж үзмээр санагдсан учраас саналыг зөвшөөрч алхахаар болсон. Маршрутаа гаргахад Монгол Улсын хилийн нэгдүгээр баганаас Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд ирэхэд яг 1900 км туулахаар байсан.

-Аяллаа хэзээ эхлүүлсэн бэ?

-Аяллаа яг нэг жилийн өмнөөс төлөвлөөд өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Тавдугаар сарын 3-нд шууданийн унаанд суугаад хотоос гарсан. Таньдаг дүү маань бид хоёрыг тосож аваад Алтай таван богдын Цагаан гол дээр хүргэж өгсөн. Тэндээс бид 2-ын аялал эхэлсэн. Нийт 1900 км замыг 44 хоногт туулаад яг одоо /2025.06.18/ орж ирж байна.

-Алхалт яг энэ хүрээд дуусаж байна. Зорилгоо амжилттай биелүүлээд орж ирлээ. Яг одоо ямар мэдрэмж төрж байна?

-Эхэлсэн ажил, зорьсон зорилгоо амжилттай биелүүллээ. Өөрөө маш их бахархаж байна. "Их оргилт" уулын алхалтын клубынхэн болон найзууд маань мөнгөн аяга, хадаг бариад төв талбайд хүндэтгэлтэйгээр угтаж авлаа. Ингэж угтан гэж төсөөлөөгүй учраас гоё байна.

-Аяллын сонин сайхнаасаа хуваалцаач. Хэр адал явдалтай аялав?

-Эхний өдрөөсөө л адал явдал эхэлсэн. Эхний өдөр өглөө эрт 05.00 цагаас аяллаа эхлүүлсэн. Найзтайгаа хамт алхаад явж байхад эхлээд чоно таарсан. Бид хоёроос үргээд зугтахаар нь чоно бид хоёроос зугтчихлаа гээд онгироод явж байсан чинь баавгай таарсан. Бид хоёр айгаад зугтсан чинь араас хөөсөн. Уг нь хамаагүй зугтаж юм байна лээ. Анх удаа таарч байгаа учраас мэдлэггүйгээсээ болоод зугтчихсан. Азаар нөгөө баавгай нь зүгээ буруулж, бид алхалтаа үргэлжлүүлсэн. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар бол ОХУ-аас баавгай их орж байгаа юм байна лээ. Энэ мэтчилэн адал явдалтай зүйл их байсан. Замд таарсан хүмүүс намайг гадаад хүн гэж бодоод байсан. Монгол хүн байна гэж баярлаад, бахархаж байгаа нь мэдрэгдээд гоё байсан.

-Анх аяллаа хоёулаа эхэлсэн гэсэн. Ганцаараа орж ирлээ шүү дээ?

-Хамт алхаж байсан найзын маань хөл холгоод жаахан асуудал үүссэн учраас ярилцаад найзыгаа болиулсан. Хүндэрвэл хуруугүй болох эрсдэл үүсэхээр байсан болохоор ганцаараа алхалтаа үргэлжлүүлээд өнөөдөр орж ирлээ.

-Анх алхалт төлөвлөж байхад төсөөлж байсан төсөөлөл бодит байдал 2 хэт зөрүүтэй байв?

-Өдөрт 30 км алхах төлөвлөгөөг анх гаргаад 1900-2000 км-ыг 70 хоногт туулна гэсэн төсөөлөлтэй гарсан. Эхний хоёр хоногт найзтайгаа хамт алхахдаа өдөрт 27-32 км алхсан. Говь-Алтайгаас найзыгаа буцаагаад ганцаараа болсон чинь хийх юм олдохгүй байсан болохоор км-ээ явуулая гэж бодоод багадаа 50 км алхсан учраас хугацаанаасаа хамаагүй эрт ороод ирлээ.

-Больё гэж бодож, шантарсан үе байв уу?

-Мэдээж байсан. Ганцаараа 44 хоног алхана гэдэг амар биш юм байна лээ. Клубийнхэнтэйгээ холбогдоод больчихдог юм билүү гээд хэд хэдэн удаа хэлсэн. Тэр болгонд "Миний найз чадна. Миний дүү чадна" гэдэг үгээр намайг хурцалж, урам зориг өгч байсан. Сэтгэлзүйгээр тэгж дэмжээд байхаар хүн урагшлаад л байдаг юм байна лээ.

-Алхлаа, аяллаа гэхээр"Хийх ажилгүй юм уу. Тэгж өөрийгөө зовоох ямар хэрэг байдаг юм" гэх хандлагыг хүмүүс их гаргадаг. Танд ийм зүйл ажиглагдав уу?

-Яг наад үгнүүдийг чинь олон хүнээс сонссон. Гэхдээ би одоохондоо завтай бас залуу байна. Энэ бол миний хобби, миний мөрөөдөл учраас хэн юу гэж хэлэх нь надад тийм хамааралтай зүйл биш.

ЧУУЛГАН: ТАЗ-ийн гишүүнээр Л.Золзаяа, Б.Төгсцэнгэл, Ц.Амартөгс нарыг томиллоо
ЧУУЛГАН: ТАЗ-ийн гишүүнээр Л.Золзаяа, Б.Төгсцэнгэл, Ц.Амартөгс нарыг томиллоо
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.