Төрийн албан хаагчдыг тэтгэвэртээ гарахад нь ажилласан жилээс нь хамаарч 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Тэгвэл нэр бүхий хүмүүс дээрх тэтгэмжийг цуцлуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "Төрийн албан хаагчийн ажилласан жилээс хамаарч олгодог 36 сар хүртэлх нэг удаагийн тэтгэмжийг цуцлуулах зорилгоор нэр бүхий этгээдүүд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Хөөрхий ганц хоёр сар ч чөлөө завсарлах эрхгүй насаараа зүтгээд хашаа байшин, ганц өрөө байранд ч хүрдэггүй зүйлээр мөн ч их оролдох юм. Энэ бол цаанаасаа төрийг сулруулах, зэрлэг капиталистуудын захиалгаар хийж байгаа ажил. Төр засаг, түүний албан хаагчид руу эрээ цээргүй дайрах нь хэрээс хэтэрлээ.
Өмнө нь нэг удаа эдийн засаг гэж цамнаж байгаад нэг нөхөр байхгүй болгох, бууруулах гэж оролдоод, бид тэмцэж байж үлдээж, бага багаар нэмсэн юм. Гадаад дотоодын хувийн сургууль, эмнэлгээр үйлчлүүлдэг нөхдөд нээх сонин биш байх.
Санаа зовж байна, цэцийн хуралд оролцохоо илэрхийлж байна. Үүнийг байхгүй болговол төрд олз хайсан хулгайчдаас нь өөр хүмүүс үлдэхгүй.Түүний золиос нь ард түмний үр хүүхэд, өвчтөн, үйлчлүүлэгчид, цаашлаад төрийн чадамж үгүй болж, явцуу этгээдүүдийн боол л болно.
Хүний эрхийг хязгаарлаж насан туршид нь бага цалин, хууль хяналт, дарамт үүрэг хариуцлага үүрүүлж, аж ахуй эрхлэхийг нь хүртэл хязгаарлаж, цалин хөлсөнд нь тааз тогтоож, түмний хүүхэд, өвчтөнөөс эхлээд үйлчлэх итгэл сэтгэл рүү нь ус битгий цацаарай" гэжээ.